Канадын Төв банк хаан III Чарльзын хөрөг бүхий шинэ 20 канад долларын дэвсгэртийг танилцууллаа. Энэ нь III Чарльзын хөрөгтэй анхны Канадын мөнгөн дэвсгэрт юм.
Шинэ дэвсгэртийг 2027 оны хоёрдугаар сарын сүүлчээс эхлэн үе шаттайгаар гүйлгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Канадын Төв банкны ерөнхийлөгч Тифф Маклем шинэ 20 долларын дэвсгэртийг “өвөрмөц, бэлгэдлийн, найдвартай” хэмээн тодорхойлсон байна. Түүний хэлснээр дэвсгэртийн загварт Канадын үзэсгэлэнт байгаль, түүхийг тусгажээ.
Дэвсгэртийн нүүрэн талд III Чарльзын хөргийг цэцэг, навчны хээгээр хүрээлүүлсэн байна.
Эдгээр дүрслэл нь хааны байгаль орчныг хамгаалах үйлсэд олон жил хүчин чармайлт гаргасныг нь бэлгэдэж байгаа аж. Мөн Канадын 13 муж, нутаг дэвсгэрийн бэлгэдэл болсон цэцэгсийг тусгажээ. Түүнчлэн Канадын уугуул иргэдийн соёл, уламжлалд чухал ач холбогдолтой ургамлуудыг дүрсэлсэн байна.
Дэвсгэртийн ар талд Франц дахь Канадын үндэсний Вими дурсгалын цогцолборыг дүрсэлсэн. Энэ нь түүхэн дэх цэргийн мөргөлдөөнүүдэд Канадын оруулсан хувь нэмэр, гаргасан золиослолыг хүндэтгэн дурсах зорилготой юм.
Шинэ 20 долларын дэвсгэрт нь Канадын босоо загвартай мөнгөн дэвсгэртийн хоёр дахь нь болж байна. Тус улсын анхны босоо мөнгөн дэвсгэрт болох 10 доллар дээр иргэний эрхийн төлөө тэмцэгч, бизнес эрхлэгч Виола Десмондын хөрөг байдаг аж.
Сонирхуулахад, АНУ-ын Төрийн сангийн харьяа Зоосны үйлдвэр тус улсын үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойг тохиолдуулан ерөнхийлөгч Дональд Трампын дүрс бүхий нэг долларын зоосыг худалдаалж эхэлсэн юм.