Хаан Чарльз болон хатан Камилла нар АНУ-д айлчилж байна

Их Британий хаан Чарльз болон түүний эхнэр хатан Камилла нар АНУ-д дөрвөн өдрийн төрийн айлчлал хийж байна. Тэдний айлчлал Даваа гаригт (2026.04.27) Вашингтон хотын ойролцоох Жойнт Бэйс Эндрюс баазад газардсанаас эхэлжээ. Дараа нь тэднийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

Энэ нь 2022 онд хатан хаан Элизабет II нас барсны дараа Чарльз хаан ширээнд сууснаас хойш АНУ-д хийж буй анхны айлчлал юм. Энэ жил АНУ Их Британиас тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой тохиож байна. Тиймээс энэхүү айлчлал нь хоёр улсын түүхэн холбоо болон өнөөгийн харилцааг тэмдэглэх зорилготой аж.

Чарльз хаан өнөөдөр АНУ-ын Конгресст үг хэлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь 1991 онд Хатан хаан Элизабет II үг хэлснээс хойш Британийн хаан анх удаа Конгресст үг хэлж буй тохиолдол юм. Саяхан Трампын оролцсон арга хэмжээний үеэр зэвсэгт этгээд халдлага хийх гэж оролдсон. Энэ нь аюулгүй байдлын талаарх асуудлыг өдөөсөн юм. Гэсэн хэдий ч Цагаан ордон болон Букингемийн ордон төрийн айлчлал төлөвлөсний дагуу үргэлжилнэ гэж мэдэгджээ.

Трамп өмнө нь Ираны эсрэг хийж буй цэргийн ажиллагааны үеэр Их Британи хангалттай хамтран ажиллаагүй гэж шүүмжилж байсан. Ялангуяа Их Британи АНУ-ын цэргүүдэд өөрийн баазыг ашиглуулахыг зөвшөөрөөгүй тэрбээр буруутгасан юм. Гэвч “BBC” телевизэд өгсөн ярилцлагадаа Трамп энэ айлчлал хоёр улсын харилцааг сайжруулж магадгүй гэж хэлсэн байна. Тэрбээр мөн Чарльз хааныг “маш гайхалтай хүн” болон “маш сайн төлөөлөгч” гэж магтжээ. “BBC”-ийн мэдээлснээр, Их Британийн засгийн газар Трампын энэхүү эерэг хандлага нь хоёр орны улс төрийн харилцаанд ч нөлөөлнө гэж найдаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн