ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Бортээгийн ордод үндэсний аж ахуйн нэгжүүд хамтарч олборлолт явуулна

Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.06.02-2026.06.08)


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 11.54 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Мик холдинг ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК болон Худалдаа Хөгжлийн банк ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

  • Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) 2.9 сая ширхэг үнэт цаас нэгжийн 250 төгрөгөөр буюу нийт 749 сая төгрөгөөр;
  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 45.4  мянган ширхэг үнэт цаас нэгжийн  8000 төгрөгөөр буюу нийт 363.9 сая төгрөгөөр;
  • Мик холдинг ХК-ийн (MIK) 55.1 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,275 төгрөгөөр буюу нийт 725.7 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Бортээгийн ордод үндэсний аж ахуйн нэгжүүд хамтарч олборлолт явуулна

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд бүгд уналттай хаагдаж, зах зээлийн төлөв харьцангуй тогтвортой  хэвээр үргэлжиллээ. ТОР-20 индекс 0.02%-иар буурч 51,347.33 нэгжид хүрсэн бол MSE А индекс 0.80%-иар унаж 19,565.06 нэгжид хаагдсан нь зах зээлийн үнэлгээ өндөртэй компаниудын хувьцааны арилжааны идэвх суларсныг харуулж байна. Харин MSE В индекс хамгийн их уналт болох 0.91%-иар буурч 14,196.18 нэгжид хаагдсан нь жижиг компаниудын хувьцааны хөдөлгөөн харьцангуй идэвхгүй байсныг илтгэлээ. Индексүүдийн хөдөлгөөнөөс харахад уналт бүх сегментэд жигд тархалттай явагдсан байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Бортээгийн ордод үндэсний аж ахуйн нэгжүүд хамтарч олборлолт явуулна


БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар 2026 оноос Бортээгийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд 15 сая тонн нүүрс олборлон, үүнээс 10 сая тонныг экспортлох зорилт дэвшүүлээд байcaн билээ. Тус орд нь нийт 424 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 95 хувь нь сул коксжих, үлдсэн 5 хувь нь эрчим хүчний нүүрс юм.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулж, нэмэлтээр 1 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтын үр дүнд Эрдэнэс Тавантолгой ХК хамгийн өндөр үнэлгээтэй санал ирүүлж, Бортээгийн ордын менежментийг хариуцан үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран олборлолт явуулахаар болсон байна.

Гэрээний нөхцөлийн дагуу Монголын талд ногдох өгөөж 70 хувь байхаар тооцогдсон бөгөөд эхний таван жилийн хугацаанд нийт 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авах боломж бүрджээ.

Харин сонгон шалгаруулалтад оролцсон БНХАУ-ын Baowu Resources компани 600 сая ам.долларын урьдчилгаа төлбөр болон 51.7 хувийн өгөөж санал болгосон бол China Energy Materials & Technology Xuzhou 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгосон ч Монголын талд ногдох өгөөж нь 51 хувь байснаараа онцлог байв.

Гэсэн хэдий ч БНХАУ-тай өмнө байгуулсан урт хугацааны нүүрс нийлүүлэх гэрээний хүрээнд Монгол Улс 16 жилийн хугацаанд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх үүрэг хүлээгээд байгаа нь анхаарал татаж байна. Иймээс тендерийн ялагч нь Монголын төрийн өмчит компани болсон хэдий ч өмнө байгуулсан гэрээний нөхцөлүүдийн улмаас ордын ашиглалтын бодит үр өгөөж буурах, мөн Хятадын тал эдийн засгийн хувьд илүү ашигтай байр суурь эзлэх эрсдэл байсаар байна.

ТҮҮХИЙ ЭДЭЭС ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН РҮҮ: “ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨР ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ?

Монголын эдийн засгийн нэг том сул тал бол уул уурхайн салбарт хэт төвлөрсөн байдал юм. Аж үйлдвэрийн салбарын 70 орчим хувийг уул уурхай эзэлдэг бөгөөд экспортын 86% нь Хятад улс руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын эрэлт буурах, эсвэл түүхий эдийн үнэ унах бүрд манай эдийн засаг шууд цочирддог. Энэ байдлаас гарахын тулд бусад салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа бөгөөд тэдгээрийн дундаас ноолуурын салбар нь олон талын давуу талтай хамгийн боломжит гаргалгаа юм.

Монгол Улс дэлхийн чансаатай ноос ноолуур нийлүүлэгчдийн тоонд багтдаг ч тэрхүү баялгаасаа хангалттай үр ашиг хүртэж чаддаггүй. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий ердөө 10%-ийг эзэлдэг ба өнгөрсөн жил эдийн засаг 7% өссөн хэдий ч салбарын өсөлт 8.9%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш бага буюу 2023 онд ердөө $1.2 саяын хөрөнгө оруулалт татжээ. Хөдөө аж ахуйн экспортын 95% нь ноолуур боловч Монгол Улс ноолуурынхаа ердөө 25%-ийг дотооддоо боловсруулдаг ба үлдсэн 75%-ийг түүхий эд хэлбэрээр шууд экспортолдог тул нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтаас олдог ашиг маш бага байдаг. Тэдгээр түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулдаг болсноор жилд нэмэлтээр $1.5 тэрбум хүртэлх орлого олох боломжтой гэсэн тооцоолол гарсан байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр нь яг энэ дутагдалтай байдлыг засахад чиглэж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд ₮2.2 их наядын төсвөөр дараах зорилгуудыг удирдлага болгон ажиллаж байна. Үүнд:

  • Дотоодын боловсруулалтын түвшинг 20%-аас 40% болгон нэмэгдүүлэх
  • Ноолуурын экспортыг $398 саяас $690 сая хүртэл өсгөх      
  • Үйлдвэрлэлийн нийт хэмжээг ₮1.5 их наядаас ₮2.3 их наядад хүргэх

Түүнчлэн төслийн хүрээнд 8,200 гаруй шинэ ажлын байр бий болно гэж тооцоолж байгаа нь салбарын хувьд томоохон өөрчлөлт юм.

Харин одоогоор хөтөлбөр зорилтот бүлэгт хүрч  хэрэгжиж чадах эсэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Санхүүжилтийн 31.2%-ийг улсын төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг банкны зээлээр шийдэхээр төлөвлөсөн байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл авах нөхцөл хязгаарлагдмал байдлыг үүсгэж болзошгүй.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Бортээгийн ордод үндэсний аж ахуйн нэгжүүд хамтарч олборлолт явуулна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн