“Солонгосын соёлын өдрүүд-2026” эхэллээ

, 2026 оны есдүгээр сарын 5БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй “Солонгосын соёлын өдрүүд-2026” үйл ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон нээлтийн эхэнд хэлэхдээ, “Солонгос Монгол хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг төдийгүй соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт итгэлцэл, нөхөрлөлөө бэхжүүлж ирсэн түүхтэй. Ялангуяа, өнгөрсөн долоодугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ нь 15 жилийн дараах айлчлал бөгөөд уг айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр талын харилцааны алтан үеийг эхлүүлэхээр санал нэгдсэн юм. Хоёр орны харилцааны алтан үе бол иргэд хоорондын нөхөрлөл, итгэлцэл дээр түшиглэн бий болох учиртай. Хоёр улсын иргэд өөр хоорондын соёлыг илүү ихээр ойлгож, харилцан зорчсоноор талуудын нөхөрлөл тэр хэрээр улам бэхжих болно. Өнөөдөр нээлтээ хийж буй “Солонгосын соёлын өдрүүд-2026” өдөрлөг нь хоёр улсын харилцааны алтан үеийг цогцлоох утга төгөлдөр эхлэлийн цэг болж байна” хэмээн онцлов.

Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Анар мөн үеэр хэлэхдээ, “БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд манай хоёр улс худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, урлаг, боловсрол, хүмүүнлэг зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж, харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Тэр дундаа, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, соёлын хэлхээ холбоог бэхжүүлэхэд аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа өнөөдрийн өдөрлөг нь хоёр орны иргэд өөрсдийн соёл урлаг, уламжлалтай танилцах, харилцан ойлголцлоо өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийн эхлэл болж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

 БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Ерөнхийлөгч Пак Сон Хёг, “Улаанбаатар хотын өнгө төрх, монгол хүмүүсийн инээмсэглэл огтхон ч харь хол санагдсангүй. Харин ч олон жил нөхөрлөсөн дотно хүмүүстэйгээ уулзаж байгаа мэт элэгсэг дотно мэдрэмж төрүүлж байна. Энэхүү дотно мэдрэмж бол Монгол Солонгос улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа хөгжиж ирсний бодит үр дүн гэж бодож байна. Аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа ч мөн адил эрчимтэй хөгжиж байна. БНСУ руу зорчсон монгол жуулчдын тоо 2019 онд 114 мянга байсан бол 2025 онд 167 мянгад хүрсэн байна. Энэ нь 46,9 хувиар огцом өссөн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн аялал жуулчлалаар зорчсон иргэдийн тоо 18-35 мянга болж, бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн Монгол Улсыг зорьсон солонгос жуулчдын тоо 100-186 мянгад хүрч, хурдацтай өссөн байна” хэмээн тодотгов.

Күккивоны таеквондогийн үзүүлэх тоглолтоор эхэлсэн уг өдөрлөгийн үеэр хоёр орны уран бүтээлчдийн тайзны тоглолт, боловсролын байгууллагуудын танилцуулга, аялал жуулчлалын компаниудын сурталчилгаа, гоо сайхны бараа бүтээгдэхүүний худалдаа, солонгос хоол хүнсний үйлчилгээ гарч буй юм. 2015 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулж буй энэхүү соёл урлагийн баяр нь Монгол-Солонгос хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой.


Өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн