Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS)-ноос жил бүр шилдэг бүтээлийн уралдаан шалгаруулдаг. “AIPS Sports Media Awards 2025”-д нийт 130 орны 1987 сэтгүүлч бүтээлээ өгснөөс Монголын гэрэл зурагчин С.Энхжаргал энэ уралдааны гэрэл зургийн төрөлд “Хүү төрвөл бөх болно” цуврал гэрэл зургаараа өрсөлдөж дэлхийн шилдэг 10, Азийн тэргүүн бүтээлээр шалгарсан юм.
Түүний шилдгээр шалгарсан батламжийг өнөөдөр гардуулан өгчээ. Гэрэл зурагчин С.Энхжаргал энэхүү бүтээлээ Төв аймгийн Цээл сумын наадмын үеэр буулгасан байна.
Тэрбээр спортын агшин, уур амьсгалыг уран бүтээлдээ шингээдэг нэгэн бөгөөд түүний бүтээлүүд хөдөлгөөн, хүч чадал, уламжлалын гүн утгыг илэрхийлдгээрээ онцлог Энэ удаа түүний бөхийн сэдэвт цуврал гэрэл зургууд тус наадмын Ази тивийн ангилалд тэргүүн байрт шалгарч, Монголын спортын гэрэл зургийг олон улсын тавцанд дахин тодотголоо. Түүний энэхүү амжилт нь зөвхөн хувь хүний амжилтаар хязгаарлагдахгүй, Монголын спортын гэрэл зураг олон улсад үнэлэгдэж, шинэ түвшинд хүрч байгааг илтгэх чухал үйл явдал болов.
Ташрамд дурдахад, долоон жилийн өмнө буюу 2019 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ганбатын бүтээл энэхүү уралдаанд III байр эзэлж байсан юм.




