Олон нийтэд “Чингис хаан” нэрээр танигдсан М.Баасанжаргал БНХАУ-ын хорих камерт нэг сар хоригдоод гарсан талаараа цахим хуудаснаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа.
“М.БААСАНЖАРГАЛ БНХАУ-Д НЭГ САР ХОРИГДООД ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ”
Тэрбээр цахим хуудаснаа “Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа бүрэн эрхт Элчин Сайд болоод хамт олонд нь машид талархав. Хятад улсын Шэньжэнь хотын хорих камерт нэг сар суугаад, хэзээ гарах нь мэдэгдэхгүй байлаа. ГХЯ-ны Бээжин дахь Монголын Элчин Сайд руу захидал бичиж илгээснээр яаралтай суллагдаж, Хятад цагдаа нарын хамгаалалтад Монгол руугаа нисэж байна. Хятад улс надад хар дарсан зүүдэнд баярлалаа. Бугуйндаа гагц цагтай л буцаж байна. Уучлаарай, надад итгэсэн хүмүүс минь” хэмээн бичжээ.
“М.БААСАНЖАРГАЛ ХОНКОНГИЙН МЕТРОНД СОГТУУРЧ, ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ АЛДАГДУУЛСАН БАЙНА”
Тэгвэл энд нэг зүйлийг сануулъя. 2026 оны долдугаар сарын 29-30-ны үед олон нийтийн сүлжээгээр “Чингис хаан” хэмээн нэрээ солиулсан гэх иргэн М.Баасанжаргал Хонконгийн метронд согтуурч, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй дүрс бичлэг цацагдсан байдаг.
ВИДЕО:
Тус бичлэгт тэрбээр монгол дээл өмссөн байх бөгөөд метроны орчинд зүй бус авирлаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нь харагддаг. Улмаар тухайн үед байсан иргэд түүний үйлдлийг таслан зогсоож, метроны цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгч буй дүрс бичлэг мөн цацагдсан.
Тэгвэл М.Баасанжаргалын БНХАУ-д нэг сар хоригдсон шалтгаан нь дээрх үйл явдалтай холбоотой аж.
“ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭХ ЗЭРЭГ ҮЙЛДЭЛД САНУУЛАХ, ТОРГОХ, БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛДАГ”
Гадаадын иргэн тухайн улсын нутаг дэвсгэрт зорчиж, ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд тус улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Тухайн үйлдэл нь олон нийтийн хэв журам, аюулгүй байдалд нөлөөлсөн гэж үзвэл тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд цагдаагийн болон бусад эрх бүхий байгууллагаас арга хэмжээ авах боломжтой.
БНХАУ-ын хувьд гадаадын иргэн тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд зөрчил нь ноцтой гэж үзсэн тохиолдолд албадан гаргах хүртэл арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай. Тухайлбал, БНХАУ-ын “Exit and Entry Administration Law”-ийн 81 дүгээр зүйлд хууль тогтоомж зөрчсөн, нөхцөл байдал нь ноцтой гэж үзсэн гадаадын иргэнийг албадан гаргах боломжтой бөгөөд албадан гаргасан тохиолдолд тодорхой хугацаанд дахин нэвтрэхийг хориглох зохицуулалт бий. Мөн олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг үйлдэлд сануулах, торгох, баривчлах зэрэг захиргааны шийтгэл ногдуулах боломжийг БНХАУ-ын “Public Security Administration Punishments Law”-д тусгасан байдаг.
“М.БААСАНЖАРГАЛ НЬ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, ЗҮЙ БУС АВИРЛАЖЭЭ”
Харин “Чингис хаан” хэмээн нэрээ солиулсан гэх иргэн М.Баасанжаргал нь олон нийтийн хэв журам алдагдуулаад зогсохгүй, тухайн үед цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлээгүй, зүй бус авирласан байна.
“М.БААСАНЖАРГАЛ НЬ ХАР ТАМХИ ТАТДАГ ГЭДГЭЭ ШУУД ДАМЖУУЛАЛТААРАА ХЭЛЭВ”
Тэрбээр 2026 оны есдүгээр сарын 4-нд эх орондоо ирснийхээ дараа өөрийн фейсбүүк хуудсаар шууд дамжуулалт хийж, БНХАУ-д нэг сар хоригдсон талаараа дахин ярьсан байна. Энэ үеэрээ өөрийгөө хар тамхи хэрэглэдэг, архи уудаг хэмээн хэлсэн нь анхаарал татаж байна.
ВИДЕО:
БНХАУ хар тамхитай холбоотой гэмт хэрэгт хатуу ханддаг гэдгээрээ олон улсад танигдсан. Тус улсын Эрүүгийн хуулийн 347 дугаар зүйлд тодорхой хэмжээний хар тамхийг хууль бусаар хил нэвтрүүлэх, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэх зэрэг гэмт хэрэгт онц хүнд ял шийтгэл оногдуулах зохицуулалт бий. Тухайлбал, 50 грамм болон түүнээс дээш хэмжээний героин, метамфетамин зэрэг тодорхой төрлийн хар тамхийг хууль бусаар хил нэвтрүүлэх, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэх зэрэг тохиолдолд 15 жилээс бүх насаар хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэл оногдуулах боломжтой гэж хуульд заасан байдаг.
“БНХАУ М.БААСАНЖАРГАЛЫГ ТУС УЛСАД ТАВАН ЖИЛ ДАХИН НЭВТРЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖЭЭ”
Энд анхаарах нэг зүйл нь М.Баасанжаргал өөрийгөө хар тамхи хэрэглэдэг гэж хэлсэн нь түүнийг БНХАУ-д хар тамхитай холбоотой хэрэгт шалгасан, шийтгэсэн гэсэн үг биш юм. Мөн Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагууд түүнд холбогдох асуудлаар албан бичиг хүргүүлж, ажилласны үр дүнд түүнийг суллуулсан талаар М.Баасанжаргал өөрөө мэдээлсэн байна. Цаашилбал, тэрбээр шууд дамжуулалтын үеэр БНХАУ түүнд таван жилийн хугацаанд тус улсад дахин нэвтрэх эрхийг хязгаарласан тухай ярьсан юм.
Энэ асуудал нь зөвхөн нэг хүний асуудлаар хязгаарлагдахгүй. Монгол Улсын иргэд дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч, суралцдаг. Тухайлбал, БНХАУ-ын Бээжин, Шанхай болон бусад томоохон хотод БНХАУ-ын Засгийн газар болон их, дээд сургуулиудын тэтгэлгээр олон зуун Монгол залуус бакалавр, магистр болон бусад түвшинд суралцаж байна. Мөн тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд олон бий. Монгол Улсын иргэн дэлхийн аль ч улсад зорчих, ажиллаж амьдрах эрхтэй. Гэхдээ тухайн улсын нутаг дэвсгэрт байх хугацаандаа тухайн улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөх, эх орныхоо нэр хүндийг бодолцох нь иргэн бүрийн хүлээх хариуцлагын нэг хэсэг юм.
Монголчууд “Усыг нь уувал ёсыг нь дага” хэмээн ярьдаг. Энэ нь зөвхөн нэг улсад бус, дэлхийн аль ч оронд зорчиж буй Монгол Улсын иргэдэд хамаарах сануулга юм. Гадаад улсад гаргасан нэг хүний үйлдэл тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээхээс гадна бусад Монгол иргэдэд хандах хандлага, цаашлаад виз, зорчих нөхцөлд хүртэл сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.