Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 02-р зөвлөмжийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран гүйцэтгэж, “Чингис хаан” үндэсний музейн Их хааны өргөөнд хүндэтгэлтэйгээр залж, 2025 оны өвлийн эхэн сарын шинийн нэгний өдрөөс эхлэн олон нийтэд үзүүлэн таниулж, сурталчлан ажиллаж байна.
“Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлын эх загвар, эх баримлыг Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд Монгол Улсад анх удаа 3D технологи ашиглан урлан бүтээж, Италийн Тоскана мужийн Флоренци хотод хүрэл баримлыг үйлдвэрлэсэн бөгөөд баримлын уран сайхны гүйцэтгэл, цутгалт, өнгөлгөө, угсралтын ажилд зохиогчийн хяналт тавин хамтран ажилласан. “Их Эзэн Чингис хаан” баримал нь 7 метр өндөртэй бөгөөд суурийг нь Италийн алдарт карарра гантиг чулуугаар урласан монументаль бүтээл юм.
“Их Эзэн Чингис хаан” баримлын эх загварыг үндэслэн “Чингис хаан” дурсгалын зоосыг нийт зургаан төрлөөр үйлдвэрлэж, өнөөдрөөс худалдаанд гаргалаа. Үүнд, орчин үеийн “smartminting ultra high relief” технологийг ашиглан мөнгөн 5 унц, 1 килограмм, алтан 1 килограммын зоосыг бүтээсэн бөгөөд анх удаа мөнгөн 1 унц, алтан 0.5 грамм, 1 унцын төрлийн зоосны арын дэвсгэрт цагны үйлдвэрлэлийн салбарт түгээмэл хэрэглэгддэг гильоше (“guilloche”) буюу гоёмсог, гялалзсан эффект үүсгэдэг тусгай техникийг ашиглан үйлдвэрлэжээ. Монголбанкны дурсгалын зоосыг жил бүр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэж, цуглуулга, бэлэг дурсгалд зориулан худалдаанд гаргаж байна. Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой аж.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ярихдаа, “Энэхүү “Чингис хаан” дурсгалын зоосыг бүтээхдээ хамгийн сүүлийн үеийн “Smart Minting” технологийг ашигласан. Уг технологи нь дүрслэлийг өндөр товойлгон гаргахын зэрэгцээ өнгө, өнгөлгөөний өвөрмөц шийдлийг шингээдэг онцлогтой. Мөн бидний өмнө нь бүтээсэн Чингис хааны хөшөөний эх загварт тулгуурлан зургаан өөр төрлийн загвар гаргаснаараа онцлог юм. Энэхүү цуврал нь цэвэр мөнгөн болон алтан бүрмэл хувилбаруудтай. Материалаасаа шалтгаалан жин, хэмжээний хувьд ялгаатай. Монголбанк өмнө нь олон төрлийн дурсгалын зоос гаргаж байсан ч энэ удаагийн бүтээл нь хийц, технологи, хэмжээгээрээ онцгой гэж хэлж болно. Чингис хаан бол Монгол Улсыг дэлхий дахинд таниулсан түүхэн эрхэм хүн. Монголчуудыг дэлхий нийт хамгийн түрүүнд Чингис хаантай холбон мэддэг. Тэрээр Монголын их гүрнийг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн, дэлхийн мянганы суут хүнээр өргөмжлөгдсөн түүхэн зүтгэлтэн. Тиймээс түүний дүрийг анх удаа олон төрөл, том хэмжээ, өндөр ур хийцтэйгээр дурсгалын зоосонд мөнхөлж байгаа нь онцгой ач холбогдолтой. Энэ нь Монгол Улсын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэхээс гадна Монголбанкны Эрдэнэсийн сан, түүх судлаачид, зоос цуглуулагчдын хувьд үнэ цэнтэй бүтээл болж байна. Мөн бэлэг дурсгалын зориулалтаар ч өндөр үнэлэгдэхүйц, урлагийн болон түүхийн үнэ цэнийг хослуулсан бүтээл болсон гэж үзэж байна” гэв.

Төрийн шагналт Л.Болд, “Энэ бол Чингис хааны шүтээний эх загварын багасгасан хувилбар гэж хэлж болно. Бүтээлд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсны дараа алтан арслан дүрст төрийн тамгаа өргөн барьж, олон нийтэд зарлан тунхаглаж буй түүхэн мөчийг дүрсэлсэн. Чингис хааны дүрийг алтаар урласан нь түүнийг шүтээн хэмээн хүндэтгэх үзэл санааг илэрхийлж байгаа юм. Бүтээлийг хийхдээ эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, тэдний зөвлөмж, судалгаанд тулгуурласан. Иймээс тухайн цаг үеэс зөрсөн, санамсаргүй оруулсан эсвэл түүхэн үндэслэлгүй ямар нэгэн деталь энэ бүтээлд байхгүй. Монгол Улсад анх удаа ийм хэмжээний бүтээлийг орчин үеийн өндөр технологи ашиглан урласан. Түүнчлэн нэг ч ширхэг шавар нэмэлгүйгээр эх загвараас нь шууд хуулбарлан бүтээсэн нь бас нэгэн онцлог юм. Энэ нь цаашид Монголын уран бүтээлчдэд шинэ боломж, шинэ жишиг тогтоосон ажил болсон гэж үзэж байна. Уран бүтээлч хүний хувьд хэлэхэд аливаа уран бүтээл зөвхөн онгод орж, ганцхан уран бүтээлчийн авьяас чадвараар бүтдэг зүйл биш. Ялангуяа ийм хэмжээний бүтээл бол анхны санаачилгаас эхлээд эцсийн гэрэлтүүлэг хүртэл маш олон хүний хүч хөдөлмөр, хамтын ажиллагааны үр дүн байдаг. Тиймээс юуны өмнө энэхүү уран бүтээлийг бүтээх боломж, завшааныг олгосон Монголбанкны хамт олонд гүн талархал илэрхийлье. Энэ төслийн хувьд бүтээлч баг, гүйцэтгэгч байгууллагуудын уялдаа холбоо, өндөр зохион байгуулалтын ачаар ажлыг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсан. Бүтээлийн эх загварыг боловсруулах, техникийн шийдлүүдийг гаргах, үйлдвэрлэлийн шат дамжлагуудыг гүйцэтгэх, улмаар алтадмал өнгөлгөө хийх, тээвэрлэлт болон суурилуулалтын ажлуудыг бүгдийг нь нэг жилийн дотор багтаан хэрэгжүүлсэн нь онцлог болсон” хэмээн ярилаа.
Их эзэн Чингис хаан нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг бэхжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Аугаа их хаан билээ. Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын хөгжил нь дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г цогцлоон тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, өрнө дорныг холбосон худалдаа, соёлын солилцоог эрчимжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, төлбөр тооцоо, соёл урлаг, шинжлэх ухааны дэвшилд таатай орчныг бүрдүүлсэн түүхэн үе юм.






