Элчин сайд Ж.Оюунбаатар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Итгэмжлэх жуух бичгээ барив

Улаанбаатар //. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 27-нд барив.

Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал түүнд мартагдахааргүй дурсамж үлдээсэн тухай дурсан ярьж, Монгол-Германы хамтын ажиллагаанд ач холбогдол өгдөг болохоо илэрхийлэв.

Элчин сайд Ж.Оюунбаатар Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, амжилттай хэрэгжиж буй улс төр, батлан хамгаалах, соёл, боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа эрчимжүүлэх шаардлагатай байгаа эдийн засгийн хамтын ажиллагаанд илүүтэй анхаарал хандуулахаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүний ивээл дор энэ оны 10 дугаар сард Берлин хотноо нээлтээ хийх “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн талаар санал солилцов.

Тэрбээр Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий Консулын газрыг нээхээр шийдвэрлэснийг мэдээлж, энэ нь хоёр улсын иргэдийн харилцаа холбоо, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Мөн наймдугаар сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үйл ажиллагаанд Холбооны Засгийн газар өндөр түвшинд оролцож, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд Ж.Оюунбаатарт баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв гэж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ. 

Элчин сайд Ж.Оюунбаатар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Итгэмжлэх жуух бичгээ барив

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн