Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад маргааш эхэлнэ

Монгол Улсад шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх гэж байна.

Тэмцээний талаар Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, тэмцээний ерөнхий шүүгч, Иран улсын иргэн Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв. 

10 өдөр үргэлжлэх тус тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч болон Казахстаны шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж байгаа нь онцлууштай бөгөөд шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхох тооцоолол гарчээ.

Шатрын анхдугаар ААШТ-ийг 1998 онд Иран улсад зохион байгуулж байсан бол 21 дэх удаагийн тэмцээн маргааш 14:00 цагт “Баянгол” зочид буудалд нээлтээ хийнэ. Тэмцээнд дэлхийд шатрын хөгжлөөр тэргүүлэгч ОХУ, БНХАУ, Энэтхэг, Узбекистан, Иран зэрэг 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Тухайлбал, дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч, их мастер Хоу Ифань манай улсад иржээ. Тэмцээнд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оролцохоор мэдүүлэг өгсөн байна.

2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөр өмнөх жилийнхээс 20 мянга ам.доллараар нэмэгджээ. Энэ нь тус тэмцээний нэр хүнд, өрсөлдөөний түвшин жил ирэх тусам өссөнийг илтгэж байгаа аж. Энэ удаагийн тэмцээний аварга тамирчин 15000 ам.долларын мөнгөн шагналаас гадна нээлттэй ангилалд дөрөв, эмэгтэйчүүдэд нэг тамирчинд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөх дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авна. 21 дэх удаагийн тэмцээний бүх өргийг ухаалаг шатрын хөлөг (DGT board) ашиглан цахимаар, дэлхий даяар шууд видео болон дата хэлбэрээр дамжуулна. Тэмцээнийг албан ёсны Asian Individual Chess Championship 2026 цахим хуудас болон youtube, Chess.com, Lichess платформоор олон улсын тайлбарлагчдын тайлбартай шууд хүлээн авч үзэх боломжтой.

Монголын Шатрын Холбооноос энэхүү спортыг боловсролын салбарт нэвтрүүлэхээр “Chess in Schools” хөтөлбөрийг үе шаттай нэвтрүүлэх ажлын хүрээнд Дэлхийн шатрын холбоо болон Боловсролын яамтай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал хийхээр болжээ. Уг хурлыг “Нэг нүүдэл-Оюуны цар, Нэг хүүхэд-Монголын ирээдүй” дор зургаадугаар сарын 4-нд Төрийн ордонд зохион байгуулна.  

Ташрамд дурдахад, ААШТ-ээс манай гурван тамирчин медаль хүртсэн байдаг. Тодруулбал, 2019 онд их мастер Т.Мөнхзул хүрэл, 2023 онд их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл, 2025 онд олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн