ЛОНДОН, 2026 оны есдүгээр сарын 11 /Kazinform/. Их Британи, Францын хооронд байгуулсан түүхэн хэлэлцээрийн хүрээнд “Bayeux Tapestry” хатгамал хивсийг урласнаас нь хойш мянга шахам жилийн дараа Их Британид анх удаа дэлгэжээ.

Дундад зууны үеийн 70 метр урт энэхүү хатгамал бүтээлийг 2026 оны есдүгээр сараас 2027 оны долоодугаар сар хүртэл Британийн музейд дэлгэн үзүүлэхээр Фрацаас түр хугацаагаар авчирсан байна. Уг хивсэн дээр 1066 онд Нормандын гүн Уильямын удирдлага дор нормандчууд Английг байлдан дагуулсан түүхэн үйл явдлыг, ялангуяа Хастингсын тулааныг дүрсэлжээ.

Их Британийн хаан III Чарльз, хатан Камилла, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон гэргий Брижит Макроны хамт, мөн Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнэм, түүний гэргий Мари-Франс ван Хиль нар Британийн музейд дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Харолд Годвинсоныг хаан ширээнд залах ёслол болон тэрбээр Хастингсын тулалдааны үеэр амиа алдсан зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрсэлсэн хэсгүүдийг музейн эрхлэгч тэдэнд тайлбарлажээ. 

Тус хивс нь XI зууны үеийн Английг тод томруун харуулдаг бөгөөд тухайн үеийн цайз, дайн тулаан, хөлөг онгоцнуудаас гадна хүмүүсийн хувцас, хоол хүнс, тавилга зэргийг дүрсэлсэн байна. Нормандын язгууртны захиалгаар хатгасан байх магадлалтай уг хивсийг Кентерберигийн гар бичмэлүүдийн зургуудыг ашиглан англи хатгамалчид урласан гэж үздэг. Иймээс энэ нь түүхийн ховор нандин баримт төдийгүй урлагийн үнэ цэнтэй бүтээл юм.

Британийн музейд “Bayeux Tapestry” хатгамал хивсийг есдүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 31-ний хооронд үзэх бүх тасалбар зарагдаж дуусжээ. Харин 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний өдрүүдийн тасалбаруудыг 2026 оны 10 дугаар сарын 21-нээс Британийн музейн цахим хуудсаар худалдаалж эхэлнэ.

Энэхүү үзэсгэлэн 2027 оны долоодугаар сарын 11-нийг хүртэл Британийн музейд үргэлжилж, дараа нь Байёгийн хивсийг Франц руу буцаах ажээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн