ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 11 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “H-1B” виз эзэмшигч өндөр ур чадвартай мэргэлжилтнүүд зэрэг түр хугацааны ажил эрхлэх визтэй цагаачид ажлаас чөлөөлөгдсөн эсвэл өөрөө гарсан тохиолдолд тус улсад байж, дараагийн алхмаа төлөвлөхөд зориулагдсан 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргасан тухай пүрэв гарагт нийтэлсэн засгийн газрын албан ёсны мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны “Холбооны бүртгэл”-д нийтэлсэн журмын өөрчлөлт хэрэгжиж эхэлбэл “H-1B” болон ажил эрхлэх түр хугацааны бусад виз эзэмшигчид ажил эрхлэлт дуусмагц АНУ-аас гарах шаардлагатай болно. Ингэснээр гадаадын ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай байдаг АНУ-ын технологийн томоохон компаниудад хүнд цохилт болж магадгүй байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2025 оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хууль ёсны цагаачлалыг хязгаарлах талаар хэрэгжүүлж буй ээлжит алхам энэ болж байна. Түүний засаг захиргаа өндөр ур чадвартай ажилтнуудын визний хураамжийг нэмэгдүүлсний зэрэгцээ ажилтнуудыг бэлтгэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд дэлхий даяарх АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудад цагаачлалын визний ярилцлага, цаг товлолтыг түр зогсоогоод байгаа юм.

Уг өөрчлөлтийн улмаас компаниудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хүндрэл учирч болзошгүй гэж Дотоодын аюулгүй байдлын яам саналын төсөлдөө бичсэн байна. Гэхдээ сул орон тоог Америкийн мэргэжилтнүүдээр нөхөх боломжтой гэж тус яам үзжээ. Зарим тохиолдолд гадаадын ажилтан нутаг буцсаны дараа ажил олгогч нь түүний нэр дээр хүсэлт гаргавал тухайн ажилтан дахин виз мэдүүлэх боломжтой гэж мөн дурдсан байна.

2017 оноос хэрэгжиж эхэлсэн 60 хоногийн хугацаа нь гадаадын ажилтнуудад АНУ-д өөр ажил олох, эсвэл эх орондоо буцахын өмнө хувийн асуудлаа зохицуулах, тухайлбал, орон сууцаа худалдах, хүүхдүүдээ сургуулиас гаргах зэрэгт энэ хугацааг ашигладаг байна.

“H-1B виз эзэмшдэг олон хүн АНУ-д олон жил амьдарч байгаа бөгөөд тухайн орон нутагтаа амьдралаа төвхнүүлсэн байдаг. Ажлаа солих гэж байгаа гэдэг шалтгаанаар тэднийг АНУ-аас явахыг албадах ямар ч үндэслэлтэй шалтгаан олж харахгүй байна” гэж Калифорнийн их сургуулийн Дэвисийн хуулийн сургуулийн профессор Габриэл Чин хэлжээ.

Конгрессоос 1990 онд баталсан “H-1B” виз нь ялангуяа Энэтхэг, Хятадаас өндөр ур чадвартай ажилтан авах сонирхолтой технологийн компаниудын хувьд чухал ач холбогдолтой. Уг виз нь АНУ-д мэргэшсэн ажиллах хүчний хомсдолтой зарим ажлын байрыг гадаадын мэргэжилтнүүдээр нөхөх боломж олгодог.

“Deloitte”, “PwC”, “Ernst & Young” зэрэг зөвлөх компаниуд, мөн “Tata Consultancy Services”, “Infosys”, “HCL Tech”, “LTIMindtree” зэрэг аутсорсингийн компаниуд H-1B визийг хамгийн их ашигладаг байна. 

Уг саналыг баталсан тохиолдолд олон улсын худалдаа эрхлэгчдэд олгодог E-1 виз, арилжааны тээврийн хэрэгслийн операторуудад олгодог E-2 виз, олон улсын компаниудын удирдах ажилтан, менежерүүдэд олгодог L-1 түр хугацааны хөдөлмөрийн виз, шинжлэх ухаан, спорт, урлагийн салбарт “онцгой авьяастай” хүмүүст олгодог O-1 виз болон тодорхой мэргэжлийн ажилтнуудад олгодог TN визтэй хүмүүст мөн хамаарна.

Түүнчлэн Сингапур, Чилийн өндөр ур чадвартай ажилтнуудад олгодог H-1B1 виз, Австралийн мэргэжлийн ажилтнуудад олгодог E-3 визтэй хүмүүст мөн үйлчлэх ажээ.

Журмын төслийг эцэслэн батлахаас өмнө олон нийтээс санал авах хоёр сарын хугацаа олгохоор болжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн