АЛЖИР, 2026 оны есдүгээр сарын 11 /Kazinform/. Алжирын эрх баригчид хэд хэдэн удаа “өдөөн хатгасан эсвэл дайсагнасан” үйлдэл хийсэн хэмээн үзэж, Арабын Нэгдсэн Эмирт Улстай /АНЭУ/ дипломат харилцаагаа тасалснаа мэдэгдсэн тухай “Al Jazeera” суваг мэдээлжээ.

АНЭУ-ын талын үйлдлүүд нь олон удаа анхааруулсан хэдий ч Алжирынн эрх баригчдын хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээнд хүрсэн гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Тус яам мөн хоёр талын харилцааг хадгалж үлдэх бүх боломж шавхагдсан гэж мэдэгджээ.

АНЭУ-ын Элчин сайдыг Алжирын Гадаад хэргийн яаманд дуудаж, гаргасан шийдвэрийн талаар мэдэгдээд холбогдох журмын дагуу нутаг буцахад 48 цагийн хугацаа өгсөн байна. 

Алжирын тал баасан гаргаас эхлэн АНЭУ-д бүртгэлтэй бүх иргэний болон цэргийн нисэх онгоцнуудад агаарын орон зайгаа хаажээ. Харин хоёр улсын хооронд үйлддэг арилжааны нислэгүүдэд одоо хэрэгжиж буй хэлэлцээрийн хугацаа 2026 оны эцэст дуусах хүртэл уг шийдвэр үйлчлэхгүй байна.

АНЭУ-ын Гадаад хэргийн яам Алжирын эрх баригчдын гаргасан шийдвэр түр зуурынх байна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Тус яам мөн Алжирын ард түмнийг хүндэтгэдэг болохоо онцолж, хоёр орны ард түмэн хоорондын харилцаа, холбоо чухал болохыг тэмдэглэсэн байна.

АНЭУ-ын Ерөнхийлөгчийн дипломат харилцааны асуудал хариуцсан зөвлөх Анвар Гаргаш үүсээд буй нөхцөл байдлын талаар “X” нийгмийн сүлжээнд тайлбар хийхдээ, дипломат харилцааг “бодитой хандлага, харилцан ойлголцол, ашиг сонирхлын тодорхой байдалд” тулгуурлан хөгжүүлэх ёстой гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Алжир улсыг шууд дурдаагүй байна.

Бүс нутгийн хэд хэдэн асуудлаар санал зөрөлдсөний улмаас Алжир, АНЭУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд хурцаджээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн