ЖАКАРТА, 2026 оны есдүгээр сарын 11 /Kyodo/. Индонезод гарсан түймэртэй тэмцэхээр CH-47 загварын гурван нисдэг тэрэг ачсан Японы Өөрийгөө хамгаалах хүчний тээврийн хөлөг онгоц пүрэв гарагт тус улсын боомтод иржээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчин түүхэндээ анх удаа гадаад улсад гал унтраах ажиллагаанд оролцож байна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.
Японы Тэнгисийн болон Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний нийт 350 орчим алба хаагч уг ажиллагаанд оролцоно. Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний нисдэг тэргүүд Баруун Калимантан мужид байрлан, ням гаргаас эхлэн долоо хоног орчим хугацаанд Индонезын цэргүүдэд агаараас гал унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажээ.
“Гал түймэрт өртсөн хүмүүст туслах энэхүү ажиллагааг амжилттай биелүүлэхийн тулд бид бүх хүчээ дайчилна” гэж Японы Батлан хамгаалах яамны албан тушаалтан мэдэгджээ. Индонезод гарсан их түймэрт 1-7 дугаар сарын хооронд 2 мянга орчим хавтгай дөрвөлжин км ой, хүлэрт намагт газар шатсан байна.
“Kunisaki” /”Осүми” ангиллын 8 900 тонны усан түрцтэй/ тээврийн хөлөг онгоц наймдугаар сарын 30-нд Японы баруун нутгийн Хирошима мужийн Күрэ хот дахь Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний баазаас хөдөлж, пүрэв гарагт Баруун Калимантан мужийн Кижинг боомтод иржээ.
Энэхүү ажиллагааг Япон, Индонезын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми, Индонезын Батлан хамгаалахын сайд Шафри Жамсуддин нар өнгөрсөн тавдугаар сард байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Уг хэлэлцээрт хамтарсан сургуулилалт хийх, гамшгийн үед тусламж үзүүлэх ажиллагаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ.
