ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 10 /Kazinform/. “Meta” компани хэрэглэгчдийн өмнөөс цахим шуудан илгээх, аялал захиалах зэрэг ажлыг гүйцэтгэхээс гадна урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэхэд нь туслах зориулалттай “Muse” хиймэл оюуны (AI) агентыг танилцуулжээ.
“Muse” нь олон нийтэд өргөнөөр ашиглахад зориулагдсан, аюулгүй, нууцлал хангасан AI агент хэмээн тус компани танилцуулжээ. Уг AI агент нь өөрийн гэсэн веб хөтөчтэй, мөн агентын мэдээлэл болон холбогдсон үйлчилгээний нэвтрэх мэдээллийг найдвартай хадгалдаг “Muse Secure VM” гэдэг нэртэй тусгай виртуал машин дээр ажилладаг байна.
Хэрэглэгчид “Muse”-тэй тусгай аппликейшн эсвэл “WhatsApp”-аар дамжуулан харилцах боломжтой. Энэхүү агент нь цахим хуудсуудыг нээх, маягт бөглөх, өгсөн даалгавруудыг гүйцэтгэхийн зэрэгцээ цахим шуудан илгээх, худалдан авалт хийх зэрэг үйлдлийг гүйцэтгэхээсээ өмнө зөвшөөрөл хүсдэг ажээ.
“Мета”-гийн мэдээлснээр, хэрэглэгч аппликейшнийг хаасан ч гэсэн “Muse” ажлаа үргэлжлүүлэн хийх бөгөөд ямар нэгэн зүйл өөрчлөгдөх эсвэл хэрэглэгчийн зөвшөөрөл шаардлагатай болох үед эргэн холбогдож болно. Мөн өмнөх харилцан ярианы мэдээллийг ашиглан хэрэглэгчид тохируулан санал гаргах боломжтой. Тухайлбал, “Instagram”-д хадгалсан жорыг хүнсний бүтээгдэхүүн худалдан авах жагсаалт болгон хувиргах, эсвэл оройн зоогт зочид урих үед ямар хоолны цэс тохирохыг санал болгох ажээ.
Түүнчлэн хэрэглэгчид “Muse” ямар аппликейшнд нэвтрэх, түүнд ямар зөвшөөрөл олгохыг өөрсдөө хянах боломжтой. Тэд хүссэн үедээ нэвтрэх эрхийг өөрчлөх, цуцлах, тодорхой мэдээллийг мартахыг агентаас хүсэх, мөн өөрсдийн харилцан үйлдлийг “Мета”-гийн AI загваруудыг сургахад ашиглуулахгүй байх сонголттой. Түүнчлэн “Muse”-тэй хийсэн харилцан яриа болон виртуал машинд хадгалагдсан мэдээллийг “Мета”-гийн зар сурталчилгааны системтэй хуваалцахгүй гэж тус компани мэдэгджээ.
Цахим худалдан авалт хийхдээ “Muse” нь “Stripe” компанийн хөгжүүлсэн төлбөрийн үйлчилгээ болох “Link”-ийг ашиглах боломжтой байна. “Мета”-гийн мэдээлснээр, “Muse” нь “Link”-ийн худалдан авалтын хамгаалалтад хамрагдсан анхны AI агент бөгөөд уг хамгаалалтад гэмтсэн эсвэл бараа гээгдсэн, үнэ буурсан болон буцаалттай холбоотой нөхөн олговор багтдаг байна. Харин “Shop Pay” болон “1Password” үйлчилгээг дараа нь нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
