Хил хамгаалах ерөнхий газрын харъяа “Хилчин” спорт хорооны түүхт 80 жилийн ой эн энэ онд тохиож байна.
Хилийн 0208 дугаар тусгай салбарыг 1946 онд “Хилчин” нийгэмлэг нэртэйгээр анх байгуулсан түүхтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны тавдугаар сарын 19-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Хилийн 0253 дугаар ангийн харьяанд байсан “Хилчин” спорт хороог бие даасан бүтэц, орон тоотойгоор Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/ болгон өргөтгөн зохион байгуулжээ. Тус спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр эхэлнэ. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш, Д.Бат-Эрдэнэ, Г.Бадрах, Б.Цэдэнсодном, М.Бэлгүтэй тэргүүтэй 128 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Үүгээр Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг барилдааны 2026-2027 оны шинэ улирал нээлтээ хийж байгаа юм.
Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадамд “Хилчин” спорт хорооноос зургаан шинэ цолтон төрөн гарчээ. Тодруулбал, улсын гарди М.Лхагвагэрэл, заан Б.Сундуйжав, начин Э.Мөнхбаатар, Г.Төрмөнх, Б.Гончигсүрэн, Б.Бат-Эрдэнэ нар түүхт ойдоо шинэ цолоор бэлэг барилаа.
80 жилийн хугацаанд “Хилчин”-ээс хөдөлмөрийн баатар 4, ардын багш 3, гавьяат дасгалжуулагч 15, гавьяат тамирчин 22 төржээ. Мөн үндэсний бөхчүүдээс дархан аварга 2, даян аварга 1, улсын аварга 4, арслан 4, гарди 4, заан 13, харцага 9, начин 58 төржээ. Мөн үндэсний сурын даян мэргэн 1, онч харваач 1, шагайн харвааны үлэмж дархан 1 төрөн гарсан. “Хилчин”-д мөн олимпын таван медальтан, дэлхийн аварга 14, Азийн наадмын аварга 5, Азийн аварга 15 байна.