Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдолыг багасгахад шинжлэх ухаан, инновац, технологи ашиглахыг чухалчилж байна.
Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Байгаль орчны хяналтын газар, GreenZun Labs, ЭЗХЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн парк хамтран “Хяналт–технологийн шийдэл” сэдвээр уул уурхайн байгаль орчны хяналт, тулгамдаж буй асуудал, эдгээр сорилтыг орчин үеийн технологи ашиглан шийдэх талаар мэдээлж, санал солилцлоо. Газрын доройтол, цөлжилтийг багасгахад байгаль хамгаалах бодлогыг үр дүнд хүргэх үр нөлөөтэй хяналтын тогтолцоо чухал. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын эвдрэл, нөхөн сэргээлт, усыг ашиглах, хамгаалах, экосистемд үзүүлэх сөрөг нөлөөг сааруулахад байгаль орчны хяналтыг технологийн боломжтой уялдуулан шинэчлэх шаардлага тулгарч байгаа юм. Уулзалтад газар зүй, эдийн засаг, байгаль орчин, тогтвортой хөгжил, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, байгаль орчны инженерчлэл, машин сургалт, хиймэл оюуны чиглэлээр мэргэшсэн залуу судлаач, инженерүүд оролцож, хөгжүүлж буй технологийн шийдэл, ажлын үр дүнгээ танилцууллаа.
Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, уул уурхайн объектуудын алслагдсан байршил, хүний болон техникийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь бүх объектыг тогтмол, шуурхай хянахад бэрхшээлтэй байдаг. Иймд хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, GIS, хиймэл оюун, машин сургалт, нисэх төхөөрөмж, хөдөлгөөнт мониторинг, ухаалаг мэдрэгчийн технологийг уялдуулсан эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог хөгжүүлэх тухай хэлэлцэв.
GreenZun Labs-ийн багийнхан хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, машин сургалт, газар дээрх бодит хэмжилтийг хослуулан газар, бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг үнэлэх технологийн шийдэл хөгжүүлж, бодит нөхцөлд ашиглаж буй ажлынхаа үр дүнг сонирхуулсан юм. Энэ туршлага, технологийг уул уурхайн байгаль орчны хяналттай уялдуулснаар газрын эвдрэл, ашиглалтын талбайн өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг зайнаас хянах, эрсдэлтэй талбайг урьдчилан тодорхойлох, улмаар улсын байцаагчийн газар дээрх хяналтыг шаардлагатай объект, эрсдэлтэй бүсэд оновчтой чиглүүлэх боломжтой ажээ.
Уулзалтын дүнд төрийн байгууллага байгаль орчны хяналтад тулгамдаж буй асуудал, хэрэгцээгээ тодорхойлж, шинжлэх ухаан, технологийн байгууллага, залуу судлаач, инженерүүд түүнд тохирсон шийдэл боловсруулан талбайд туршиж, үр дүнтэй технологийг төрийн хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх олон талт хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх талаар санал нэгдлээ. Мөн шинжлэх ухаан, технологийн салбарт бий болж буй инновац, залуу судлаачдын шийдлийг төрийн байгууллагын хэрэгцээтэй холбох, талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулан, технологийн шийдлийг турших, хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.