Франц, Канад улсууд Гренландад консулын газруудаа нээжээ

НУУК, 2026 оны хоёрдугаар сарын 7 /RT/. Франц, Канадын консулын газруудыг анх удаа Гренландын нийслэл Нуук хотод нээжээ. Хоёр улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээх ёслол баасан гарагт болсон байна.

Канадын консулын газрын нээлтийн ёслолд тус улсын Гадаад хэргийн сайд Анита Ананд, Амбан захирагч Мэри Саймон нар оролцов. “Нуук хотод Канадын төлөөлөгчийн газар нээгдэж байгаа нь зөвхөн дипломат харилцааг бэхжүүлээд зогсохгүй “Гренландын ард түмэнд үзүүлж буй канадчуудын хүндэтгэл, ардчилал, тусгаар тогтнол, өөрсдийн ирээдүйг тодорхойлох эрхийг нь хүлээн зөвшөөрч буйг бататгаж байна” гэж М.Саймон мэдэгджээ.

Харин Гренланд дахь Францын консулын албан тушаалд томилогдсон Жан-Ноэль Пуарье хэлэхдээ, “Хэрэв ямар нэгэн хямрал үүсвэл бид арга хэмжээ авахад бэлэн байх болно” гэжээ. Тэрбээр мөн өөрийн зорилгыг “Гренландын ард түмний байр суурийг ойлгох явдал” гэж тодорхойлсон байна.

Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландад хяналтаа тогтоохыг эрмэлзэж байгаагаа ил тод мэдэгдэх болоод байгаа энэ үед Франц, Канад улсууд консулын газруудаа нээж байна.  

Өмнө нь Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро хэлэхдээ, арал дээр консулын газар нээх нь “Гренланд дахь Францын оролцоог нэмэгдүүлэх зорилготой улс төрийн дохио” гэж онцолж байлаа. 

Канадын тал консулын газар нээхээр төлөвлөж байгаагаа Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоос өмнө 2024 онд мэдэгдэж байв. Тухайн үед Оттавагийн зүгээс уг алхмыг Арктикийг засаглалыг “арктикийн орнууд нутгийн уугуул ард түмэнтэй хамтран удирдахыг” эрмэлзэж байгаатай холбон тайлбарлаж байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн