Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
