ЭР-РИЯД, 2026 оны аравдугаар сарын 21 /Kazinform/. Йемений өмнөд нутгийн Шабва муж дахь засгийн газрын арми, аюулаас хамгаалах хүчний бэлтгэл сургуулилтын баазад даваа гарагт хуситууд пуужингийн цохилт өгсний улмаас 58 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархдаж, 14 хүн сураггүй алга болжээ. Энэ тухай мужийн захирагч Авад аль-Вазир мэдэгдлээ.
Шинэ цэргүүдэд зориулсан хичээл явагдаж байх үед “Аль-Алам” гэдэг бэлтгэлийн лагерь руу хуситууд гурван баллистик пуужин харвасан байна. Шархадсан хүмүүсийг мужийн төв болох Атак хотын эмнэлэгт хүргэжээ. Олон хүн шархадсан учраас донорын цус дутагдалтай байна.
Йемений Ерөнхийлөгчийн удирдах зөвлөлийн дарга Рашад аль-Алими хэлэхдээ “шинэ цэргүүд рүү халдсан нь хуситууд террорист ажиллагаанд шилжиж буйг харууллаа” хэмээн зэмлэн буруушаалаа. Йемений Мэдээллийн сайд Муаммар аль-Ирьяни хэлэхдээ, бэлтгэлийн лагерь бол байлдааны ажиллагаанд хамааралгүй учраас түүн рүү халдсан нь цэргийн гэмт хэрэг мөн гэсэн байна. Харин хуситуудын төлөөлөгч Яхья Сари мэдэгдэхдээ, уг лагерийг Саудын Арабын офицерууд удирдаж байсан бөгөөд тэдний зарим нь амь үрэгдэж, шархадсан гэдгийг дурджээ.
Энэ удаагийн халдлага бол есдүгээр сарын эхээр Йеменд байлдааны ажиллагаа дахин сэргэснээс хойш нэг удаагийн цохилтод өртөн хамгийн олон хүн амь үрэгдсэн тохиолдол юм.
Хуситууд Улаан тэнгисийн эргийн дагуу Баб-эль-Мандебийн хоолойн чиглэлд давшиж эхэлснээр зэвсэгт мөргөлдөөн дахин сэргэсэн байна. Үүний хариуд Саудын Арабаар дэмжүүлсэн Йемений засгийн газрын цэргүүд “Йемений үүр цайлт” гэдэг сөрөг довтлох ажиллагааг явуулж байгаа юм.

Test comment for verification.
Энэ бол үнэхээр эмгэнэлтэй явдал. Шинэ цэргүүд сургуулилт хийж байхад ийм цохилт өгсөн нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү.