Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд, Туул голын сав газарт хуримтлагдсан 1.1 сая тонн хог хаягдлыг цэвэрлэж, тухайн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ.

Иргэн, аж ахуйн нэгжүүд барилгын хогийг зөвшөөрөлгүй хаяснаар 38.7 га талбайд их хэмжээний хог хуримтлагдсан байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар гурван байршилд найман хяналтын камер байршуулж, зөрчил гаргасан таван байгууллага, дөрвөн иргэнд шаардлага хүргүүлжээ.

Нийт 24 байршлын хогийг ачиж, цэвэрлэхэд 9.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хөрсний бохирдлын судалгаа, байгаль орчны үнэлгээ хийлгэж, зөвшөөрөлгүй хог хаясан компаниудаар цэвэрлэгээний зардлыг гаргуулах үүрэг өгчээ.

Зөрчлөө арилгаагүй компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд цэвэрлэгээний дараа ариутгал, нөхөн сэргээлт хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн