Ерөнхий сайд Н.Учрал ахмад настнуудын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газрын бодлого, төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийн талаар танилцууллаа.

Монгол Улсад 444 мянга гаруй ахмад настан амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 991 мянгыг давах тооцоотой байна. Засгийн газар ахмадын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ болон нийгмийн оролцоог дэмжих зургаан зорилт хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд хэлэв.

Төсвийн тодотгол батлагдвал арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг 250 мянга орчим төгрөгөөр нэмэгдүүлж нэг сая, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэхээр төлөвлөжээ.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх, дулаан цахилгааны үнийг тогтвортой байлгахад 200 тэрбум төгрөгийн татаас олгох, хүнсний нөөцийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

2027 оны төсвийн төсөлд 16 мянган өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулах, зарим шаардлагатай эмийг бүрэн хөнгөлөх болон 15 мянган ажлын байр бий болгох зорилт багтжээ. Ахмадууд тэтгэврийн хүрэлцээ, ажил эрхлэлт, залуусын орон сууцны асуудлаар саналаа хэлсэн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн