МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /DW/. Германы тамирчин Филипп Раймунд өвлийн Олимпын наадмын ердийн трамплинаас харайх төрөлд алтан медаль хүртлээ.
Валь-ди-Фьемма хөндийд өчигдөр болсон цанын трамплинаас харайх тэмцээний финалд тэрбээр 102 ба 106,5 м-ийн төрөлд нийт 274,1 оноо авснаар алтан медалийн болзол хангажээ. Мөнгө медаль хүртсэн Польшийн тамирчин, 19 настай Кацпер Томасяк 270,7 оноо авсан бол Японы 24 настай Рэн Никайдо, Швейцарын 34 настай харайгч Грегор Дешванден нар ижилхэн 266 оноо авснаар хүрэл медалийг хуваан хүртлээ.
Баден-Вюртемберг мужийн уугуул, 25 настай Раймундын хувьд Олимпын алт бол анхны том ялалт юм. Үүнээс өмнө тэрбээр дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд нэг ч удаа түрүүлж байгаагүй ажээ. Түүнд одоо дахин нэг алтан медаль хүртэх боломж байгаа бөгөөд Германы баг 10-ны өдөр багийн холимог төрөлд өрсөлдөнө.
Раймундын медаль бол Германы багийн авсан хоёр дахь алтан медаль бөгөөд нэг хоногийн өмнө 26 настай чаргачин Макс Лангенхан Кортина-д’Ампеццо хотын мөсөн зам дээр уралдахдаа 3 минут 31,191 секундийн амжилтаар Олимпын аварга болсон юм.
Одоогийн байдлаар Германы баг 4 медаль авч, Норвег, Швейцар, Японы дараа дөрөвдүгээрт жагсаж байна.