ЛИВИНЬО, 2026 оны хоёрдугаар сарын 10 /Kyodo/. “Милан-Кортина 2026” өвлийн Олимпын наадмын сноубордын эмэгтэйчүүдийн биг эйр төрлийн финал даваа гарагт болж, Японы тамирчин Кокомо Мүрасэ алтан медаль хүртлээ.
Дэлхийн аварга тэрбээр Италийн “Ливиньо” уулын цанын баазад болсон тэмцээнд нийлбэр дүнгээр 179.00 оноо авч аваргалснаар дөрвөн жилийн өмнө Бээжингийн Олимпоос 17 настайдаа хүртэж байсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргалаа.
К.Мүрасэ сэтгэгдлээ хуваалцахдаа “Хүрэл медаль жинтэй санагддаг байсан бол одоо алтан медаль тэс ондоо мэдрэмжийг төрүүлж байна. Энэ бол зөвхөн медалийн жингийн тухай ярьж байгаа биш юм. Үүнд өдийг хүртэл хичээж зүтгэсэн миний бүх хөдөлмөр шингэсэн мэт санагдаж байна. Энэ утгаараа үнэхээр “хүнд” байна” хэмээн ярив.
Тус төрөлд Шинэ Зеландын тамирчин Зои Садовски Синнотт эхний оролдлогоороо унасан хэдий ч дараагийн үсрэлтүүдээ амжилттай гүйцэтгэн 172.25 оноогоор мөнгөн медаль, БНСУ-ын тамирчин Ю Сын Ун 171.00 оноогоор хүрэл медалийг тус тус хүртлээ.
К.Мүрасэ финалд 1440 градусын (360 градусын дөрвөн бүтэн эргэлт) бүтэн эргэлтийг хоёр удаа амжилттай гүйцэтгэж, хамгийн өндөр оноонуудыг авсан байна. Тэрбээр эхний эргэлтээрээ 89.75, гурав дахь эргэлтээрээ 89.25 оноо авснаар өрсөлдөгчдөө илүүрхжээ.
К.Мүрасэгийн медаль Японы сноубордын эмэгтэй тамирчдын хувьд анхны алтан медаль, “Милан-Кортина 2026” олимпын наадмаас Японы багийн хүртсэн хоёр дахь алтан медаль боллоо.
Өнгөрсөн бямба гарагт эрэгтэйчүүдийн биг эйр төрөлд түрүүлсэн Кира Кимүрагийн амжилт түүнд урам зориг өгсөн болохыг К.Мүрасэ онцолжээ. “Би өмнө нь анх удаа олимпын алтан медальд хүрч үзэхдээ үүнийг л үнэхээр хүсэж байна гэж бодож байснаа санаж байна. Энэ мэдрэмж тэмцээний туршид салахгүй байсан” гэж тэрбээр ярилаа.
Тус төрөлд өрсөлдсөн Японы бусад тамирчдаас Момо Сүзүки зургаадугаар байр, Мари Фүкада есдүгээр байр, Рэира Ивабүчи 11 дүгээр байрт тус тус шалгарлаа.