Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэх тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах шуурхай арга хэмжээ авахаар боллоо.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн тавих ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн унтуулгын буу, эм, урвалж бодис болон шаардлагатай багаж хэрэгслийг хил, гаалиар шуурхай оруулж ирэх ажлыг зохицуулахаар шийдвэрлэжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон ойр байгаа хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг анхаарууллаа.
