Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаитийн Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эметэй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр уулзлаа.
Талууд Монгол, Хаитийн харилцаа, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаа болон Хаитид хэрэгжүүлж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагааны талаар санал солилцов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар зүйн хувьд алслагдсан хоёр улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх нийтлэг зорилгод тулгуурлан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтойг онцлов. Мөн Хаитид үүрэг гүйцэтгэж буй монгол цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Хаитийн Ерөнхий сайд Монгол Улс цэргийн багаа илгээж, иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалах болон гэмт бүлэглэлтэй тэмцэхэд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлжээ.
Монголын цэргийн баг Порт-о-Пренс хотын “Вертиерес” баазын аюулгүй байдлыг бусад улсын алба хаагчидтай хамтран хангаж байна. Ажиллагааны цэргийн хүчнийг хошууч генерал Б.Эрдэнэбат командалж байгаа юм.
