НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоон дахь Нэг эрүүл мэндийн үйл ажиллагаа” олон улсын бага хурал есдүгээр сарын 21–23-нд Италийн Ром хотод болж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн бага хурлын “Нэг эрүүл мэнд ба Бэлчээр, малчдын олон улсын жил” салбар арга хэмжээний нээлтэд оролцож, Монголын туршлагыг танилцууллаа.
Тэрбээр Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйн мэдлэг, туршлагаа олон улстай хуваалцахын зэрэгцээ бэлчээр, малчдын эрх ашиг, уламжлалт амьдралын хэв маягийг хамгаалахад идэвхтэй ажиллаж байгааг онцлов.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Үүний хүрээнд өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатарт Дэлхийн малчдын их хурлыг зохион байгуулж, Дэлхийн малчдын ерөнхий тунхаглал, Малчин эмэгтэйчүүдийн тунхаглал, Залуу малчдын тунхаглалыг баталжээ. Эдгээр баримт бичгийг Монгол Улсад болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд танилцуулж, “Бэлчээр ба мал аж ахуй”-н асуудлаар бие даасан шийдвэр батлуулсан байна.
Т.Жамбалцэрэнгийн хэлснээр, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал монголчуудын уламжлалт ахуйд олон зууны турш хэрэгжиж иржээ. Малчдын улирлын нүүдэл, бэлчээр сэлгэх арга нь газрын нөхөн сэргэх боломжийг бүрдүүлдэг бол улирал, цаг уур болон хүний хэрэгцээнд нийцүүлэн хүнсээ зохицуулдаг уламжлал нь хүн, мал, байгаль орчны эрүүл мэндийн уялдааг харуулдаг гэж тайлбарлав.
Тэрбээр нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, инновац, технологитой хослуулах, бэлчээрийн экосистем болон малын эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын зах зээлийг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриаллаа.
Салбар арга хэмжээнд Уругвай, Ирландын хөдөө аж ахуйн салбарын удирдлага, залуу малчид болон судлаачдын төлөөлөл оролцжээ. “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн Удирдах хороог Монгол Улс даргалж байна.
