Йемений хусит босогчдын өндөр албан тушаалтан АНУ-ыг Саудын Арабын цэргийн ажиллагаанд оролцвол хүчтэй бөгөөд шуурхай хариу өгөхөө мэдэгдлээ. Энэ анхааруулга Эр-Рияд дахь олон улсын нисэх онгоцны буудал руу өнгөрсөн амралтын өдрүүдэд цохилт өгсний дараа гарчээ.

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын нисэх онгоцны буудалд хуситууд цохилт өгсний улмаас 14 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан байна.

Хохирлын улмаас эрх баригчид буудлын үйл ажиллагааг аравдугаар сарын 17-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргажээ.

Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений түр засгийн газрыг дэмжиж, Эр-Рияд руу харвасан хуситуудын пуужинг даваа гарагт замд нь амдан сөнөөснөө мэдэгдсэн.

The Wall Street Journal сонинд Саудын албан тушаалтнуудын мэдээллээс иш татан бичсэнээр пуужин амдан сөнөөгч хомсдож байгаа аж. Мөргөлдөөн даамжирч байгаа нь угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы газрын тосноос хамааралтай эдийн засгаа шинэчлэх төлөвлөгөөнд хүндрэл учруулж байна.

Өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас хуситуудын эсрэг Саудын ажиллагаанд нэгдэх эсэхийг асуухад тэрбээр “Магадгүй. Бид энэ асуудлыг авч үзнэ” гэж хариулжээ.

Хуситүүдийн өндөр албан тушаалтан даваа гарагт Франс-Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ нэгдсэн тохиолдолд АНУ болон бүс нутаг дахь түүний ашиг сонирхлын эсрэг шуурхай бөгөөд хүчтэй хариу цохилт өгөхөө мэдэгдсэн.

Йемений баруун өмнөд нутагт орших Таиз хотын орчимд тулалдаан үргэлжилсээр байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн