Их Британи, Герман улсууд Берлин хотод болсон уулзалтын үеэр хорлон сүйтгэх ажиллагаа болон кибер халдлагатай хамтран тэмцэх түншлэл байгуулахаар тохиролцжээ. Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнхэм, Германы Фридрих Мерц нар ОХУ-аас ирж болзошгүй гибрид аюул заналхийллийн талаар сэрэмжлүүлсэн байна.

Шинэ түншлэлийн хүрээнд чухал дэд бүтцэд чиглэсэн аюулыг хянах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг уялдуулан зохицуулж, мэдээлэл солилцох юм. Их Британийн Ерөнхий сайдын ажлын алба ийнхүү мэдэгджээ.

Их Британийн эрх баригчид тус улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг улсууд, ялангуяа ОХУ Европ болон бусад бүс нутагт гибрид аюул учруулж байгааг онцолсон. Өнгөрсөн сараас эхлэн сайд нар батлан хамгаалах салбарын компаниуд болон үндэсний чухал дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчдэд ОХУ-аас үүдэлтэй аюулын талаар мэдээлж байгаа юм.

Германы гадаад тагнуулын байгууллагын дарга даваа гарагт ОХУ-тай хийж буй сөргөлдөөн шинэ, илүү аюултай түвшинд хүрснийг анхааруулсан байна. Өнгөрсөн сард Германы эрх баригчид наймдугаар сард Лейпциг-Халле нисэх онгоцны буудалд нисгэгчгүй онгоцоор халдах оролдлогын хариуцлагыг Оросын тал хүлээнэ гэж дүгнэснээ мэдэгджээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн