Францын томоохон супермаркетуудын сүлжээнд кибер халдлага гарч, хөргөлтийн төхөөрөмжүүдийн температурыг алсаас өөрчилснөөр шинэ болон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнүүд муудсан байна. Энэ тухай BFM телевиз даваа гарагт мэдээлсэн.

Халдлагын бай нь Данийн үйлдвэрлэгчийн хөргөлтийн системийн удирдлагын төхөөрөмжүүд байжээ. Intermarché болон Netto сүлжээний 300 орчим дэлгүүр, U сүлжээний 100 хүрэхгүй дэлгүүр өртсөн.

Альзас бүс нутагт Intermarché болон Super U сүлжээний хоёр дэлгүүрт нийт 270 мянган евро буюу 301 мянган ам.долларын хохирол учирсан. Улсын хэмжээнд хохирол хэдэн сая евро хүртэл өсч болзошгүй гэж үзэж байна.

Coopérative U компанийн тэргүүн Доминик Шелчер X сүлжээгээр халдлага болсныг баталж, ажилтнууд дэлгүүрүүдийг хэвийн болгохоор бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг мэдэгдсэн. Тэрбээр энэ халдлагыг мөрдөн шалгах шаардлагатайг онцолжээ.

Шелчер “Шинэ хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, Францын ард иргэдийн хүнсний хангамжийг хангахад нэн чухал тоног төхөөрөмжийг онилсон нь туйлын ноцтой бөгөөд урьд өмнө гарч байгаагүй халдлага юм. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж хэлсэн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн