Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 8 //. Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатовичийн нар өнөөдөр Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдэд зочиллоо.

Хүндэт зочдыг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан болон лам хуврагууд хийдийн шашин соёлын голомт болсон Батцагаан цогчэн их дуганы үүдэнд угтан авлаа.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж эрхэм хүндэт зочдод Батцагаан цогчэн их дуганы түүх, бэлгэдэл, Монголын Бурханы шашны уламжлал, номын өв соёлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Ерөнхийлөгч Якoв Милатович Монголын Бурханы шашны гүн утга агуулга, бэлгэдэлд онцгойлон ач холбогдол өгч байгаа илэрхийлж, бурханы шашинд чухал бэлгэдэл болсон хөх, шар, цагаан өнгөний утга учрын талаар Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржоос сонирхон асуув. Тэргүүн их хамба лам эдгээр өнгөний бэлгэдэл, хүний сэтгэлийн мөн чанар, мунхаг харанхуйг арилган гэгээрэлд хүрэх оюун санааны зам мөртэй хэрхэн холбогддог талаар гүн утга агуулгатайгаар тайлбарлан өглөө.

Үүний дараа эрхэм хүндэт зочид төр, түмний их шүтээн Жанрайсиг дуганы өмнөх талбайд хүрэлцэн очиж, Монголын уламжлалт шашин, соёлын өвийн нэгэн чухал илэрхийлэл болсон цамын хүндэтгэлийн үзүүлбэрийг таалан сонирхов.

Ийнхүү Монтенегро Улсын ерөнхийлөгч Якoв Милатович, гэргий хатагтай Милена Милатович нарын Гандантэгчэнлин хийдэд хийсэн хүндэтгэлийн айлчлал нь Монголын Бурханы шашны уламжлал, түүх, соёлын үнэт өвтэй танилцсан, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг бэхжүүлсэн утга төгөлдөр үйл явдал боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн