Т.Жамбалцэрэн: Нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлийг орчин үеийн хүнсний засаглалтай уялдуулна

Монголын малчдын уламжлалт мэдлэг, үнэт зүйлсийг орчин үеийн стандарт, инновацтай хослуулахын чухлыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бутаны Хаант Улсын Паро хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Дэлхийн хүнсний тогтолцооны анхдугаар дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ онцлов.

Уулзалтаар хүнсний тогтолцоог өөрчлөн шинэчлэх тухай, соёл, үнэт зүйл, тогтолцооны сэтгэлгээ, байгальд түшиглэсэн шийдлүүдэд онцгой анхаарч хэлэлцсэнийг ХХААХҮЯ мэдээллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ тус уулзалтаар дэвшүүлж буй өөрчлөлт, тогтолцооны үнэт зүйлс, байгальд түшиглэсэн шийдлийн үзэл санаа нь Монголын уламжлалт мал аж ахуйн өв соёлтой нягт холбоотой, үүнийгээ орчин үеийн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний засаглалтай уялдуулж байгааг тэмдэглэв.

Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь улсын нийгэм, эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргааны чухал хэсэг болж, 180 мянга гаруй малчин өрх нэг сая гаруй хүний амьжиргааг дэмжиж байгааг дурдав. Хүн, мал, бэлчээрийн хоорондын харилцааг хамгаалах нь улсын хүнсний аюулгүй байдал, соёлын өв, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтойг онцоллоо.

Монгол Улсын хүнсний тогтолцоонд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дарамт, зуд, ган, улирлын шороон шуурга нэмэгдэж байгаа нь бэлчээр, хөдөөгийн иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг санаачилга, малчдын хоршооллыг бэхжүүлэх, зах зээлийн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний цахим мөрдөн мөшгөх тогтолцоог хөгжүүлэх, малын даатгалыг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг, нөхөн сэргээх бэлчээрийн менежментийг дэмжих зэрэг Засгийн газрын үйл ажиллагааг танилцууллаа.

Т.Жамбалцэрэн илтгэлдээ олон улсын санаачилгын хүрээнд бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, хүнсний тогтолцооны өөрчлөлт шинэчлэлийн уялдаа холбооны талаарх улсынхаа байр суурийг илэрхийлээд, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” нь бэлчээр, малчдын хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргаа, эрүүл экосистемд оруулж буй хувь нэмрийг олон улсад таниулах чухал платформ болохыг онцлов.

Эдгээр асуудал нь Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар хурлын хэлэлцүүлэг, үр дүнд тусгалаа олсон билээ.

Бутаны Хаант Улсын Засгийн газар, Ухаалаг хүнсний тогтолцооны холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Бутаны Паро хотноо ззохион байгуулсан уулзалтад улс орнуудын Засгийн газар, олон улсын болон хөрөнгө оруулалтын байгууллага, хүнсний тогтолцооны инновацын салбарын төлөөлөгчид оролцжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн