Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлалын хүрээнд Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Бизнес уулзалтад Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээлтийн үгэндээ, энэхүү бизнес уулзалт нь хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтойг онцлов. Мөн цаашид худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж хоорондын шууд харилцаа, бизнесийн түншлэлийг идэвхжүүлж, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд өнөөдрийн уулзалт томоохон түлхэц болохыг дурдлаа.
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, энэ жил Бүгд Найрамдах Монтенегро Улсын тусгаар тогтнолын 20 жилийн ой, мөн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа тул төрийн айлчлал хийх байгааг онцоллоо.
Түүнчлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав Монтенегро улсын улсын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
