Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн “TA-10099 MON: Ковид цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” төслийн хаалтын семинар өнөөдөр боллоо.
2023 оны долоодугаар сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжсэн энэхүү төсөл нь Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36-р тогтоолд тусгагдсан зарим арга зорилтуудыг биелүүлэхэд ХХААХҮЯ-нд дэмжлэг үзүүлснээрээ онцлог юм.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн семинарыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулсан уг төслийг санхүүжүүлсэн Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай олон жилийн турш үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг онцлон дурдлаа.
Төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээний “Монконсалт”, “Нью Фронтиерс” компаниуд хүнсний хангамж, аюулгүй байдал, хариу арга хэмжээний мэдээллийн нэгдсэн систем байгуулах, хүнсний нийлүүлэлтийн тогтолцоо, логистикийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах чиглэлээр ажилласан байна.
Өнөөдөр болсон төслийн хаалтын семинарт зөвлөх компаниуд хийсэн ажлуудынхаа гол үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн олон улсын хүнсний аюулгүй байдлын мэдээллийн мэргэжилтэн, TA-10099 MON төслийн зөвлөх Марк Смалдерс семинарт онлайнаар оролцож, “Хүнсний баталгаат бус байдлын эрсдлийн менежментийг үр дүнтэй явуулах удирдамж” сэдвээр илтгэл тавив.
“TA-10099 MON: Ковид цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд зөвлөх компаниуд хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийг бий болгож, хүнсний хангамжийн мониторингийн модуль, хөрөнгө оруулалтын лавлагааны сан, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лавлагааны сан зэргийг үе шаттайгаар хөгжүүлжээ. Мөн орчин үеийн тогтвортой үйл ажиллагаа бүхий хүнсний нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх засаглалын чадавхыг сайжруулах чиглэлээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын хуулийн төслүүд болон техникийн зохицуулалт, журам, CODEX стандартуудыг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна.
