Эдгээр санаачилга нь төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахын зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, бүтээгдэхүүн, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад гадаадын урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах шинэ боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газар (2026.06.06) дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн байгууллага болох 15.3 их наяд ам.долларын хөрөнгө (2026 оны II улирлын байдлаар) удирдаж буй “БлэкРок нэгдлийн “БлэкРок Файнэншиал Маркетс Адвайзори” компанитай төрийн өмчийн бүтцийн өөрчлөлт, удирдлагын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга болон уг Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын хэрэгслээр дамжуулан төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг багцлан дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд санал болгох асуудлаар мэдээлэл солилцох хэлэлцүүлгийн ерөнхий хүрээг тодорхойлсон байна.
Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, “БлэкРок Файнэншиал Маркетс Адвайзори” компанийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан гүйцэтгэх захирал Маттиас Вирволл нар гарын үсэг зурсан.
Төрийн өмчит компаниуд хөрөнгийн зах зээлийн зарчимд шилжиж, олон нийтийн хяналт болон зах зээлийн үнэлгээнд нээлттэй болох нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, шийдвэр гаргалтын ил тод байдлыг нэмэгдүүлэх, удирдлагын хариуцлагыг сайжруулах бодит хөшүүрэг болно.
Эдгээр санаачилга нь төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахын зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, бүтээгдэхүүн, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад гадаадын урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах шинэ боломж бүрдүүлэх ач холбогдолтой.
“БлэкРок Файнэншиал Маркетс Адвайзори” нь төрийн болон санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээл, эрсдэл, балансын удирдлага, санхүүгийн стратегийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд тус нэгж нь 35 гаруй улсад 280 гаруй байгууллагатай 580 гаруй зөвлөх төсөл хэрэгжүүлсэн туршлагатай.
