ГБХНХЯ, харьяа агентлагийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг БНСУ-д айлчилж, хоёр улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, тэтгэвэр, нийгмийн хамгааллын эрхийг үр дүнтэй хамгаалах асуудлыг дахин авч үзэж, хэлэлцээрийг шинэчлэх саналаа БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Нам Ин Сүн, Үндэсний ассамблейн гишүүн Со Ён Сок, Үндэсний ассамблейн гишүүн Ким Жүн Хёг нарт танилцууллаа.

Тодруулбал, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэд зөвхөн тэтгэврийн даатгалд даатгуулж байгааг тэтгэмжийн, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд даатгуулж, хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн, амаржсаны болон бусад тэтгэмж авах боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрийн гэрээгээс гадна бусад төрлийн ажиллах эрх бүхий визийн ангилалтай Монгол Улсын иргэдийг хэлэлцээрт хамруулахыг тодотгосон байна.

НДЕГ, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэх зэргийг хэлэлцээрт нэмж тусгуулах талаар ч хөнджээ. Мөн хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зорилготойгоо ГБХНХ-ын сайд Т.Аубакир илэрхийлээд, БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын гэрээт ажилтнуудыг тодорхой нөхцөл, шалгуураар гэр бүлийн хамт амьдрах, хөдөлмөрлөх боломжийг нэмэх талаар судалж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Уулзалтын үеэр ярьсан саналуудыг албан ажил болгоход анхаарахаа БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга болон гишүүд онцолжээ.

Монгол Улс, БНСУ хооронд 2006 онд нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулаад 20 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсаас БНСУ-д 39 мянга орчим иргэн төмөр, хүнс, электроник, хог хаягдал дахин боловсруулах салбарт ажиллаж иржээ. БНСУ-ын 1,800 гаруй иргэн манай Улсад оршин суух зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн