Монгол Улсын гадаад бодлогын түүхэнд Европын орнуудтай тогтоосон улс төр, дипломатын харилцаа ямагт чухал байр суурь эзэлсээр ирсэн.

Тэр дундаа Герман бол Европын орон зай дахь Монголын нэн чухал түнш орон юм. Соёл боловсрол, шинжлэх ухаан технологи, мэргэжлийн сургалт, хөгжлийн хамтын ажиллагаа, археологи, худалдаа эдийн засгийн харилцаагаар дамжин Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон ул мөрөө үлдээсэн улс бол яах аргагүй Герман. Харин өнөөдөр энэ харилцаа өмнөхөөсөө өөр агуулгатай болж байна. 2024 онд Монгол, Германы харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн нь хоёр орны түүхэн харилцааны үргэлжлэл байсан төдийгүй Монголын гадаад бодлогын сүүлийн жилүүдийн идэвхжилтэй холбоотой нэгэн чухал үйл явдал байлаа.

Монгол, Германы хооронд дипломат харилцаа 1974 онд тогтсон ч хоёр ард түмний харилцааны үндэс түүнээс хавьгүй өмнө тавигдсан. Германы Гадаад хэргийн яамны мэдээлэлд хоёр орны иргэд хоорондын харилцаа 1920-иод оноос улбаатай бөгөөд энэхүү харилцаа Монгол-БНАГУ-ын тогтоосон харилцаагаар түүчээлээд Хүйтэн дайны дараах ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн цаг үед ч улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй түншлэл болон өргөжсөн талаар дурджээ. Мөн өнөөдөр Германы тал Монголыг Евроазийн орон зай дахь чухал түншийн нэг хэмээн үзэж, Монголын хувьд Герман нь “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд чухал байр суурь эзэлдэг болохыг онцолжээ.

Монгол-Германы харилцааг зөвхөн өнгөрсөн үеийн түүхэн харилцаагаар тайлбарлах нь хангалтгүй. Учир нь олон улсын харилцааны систем, орчин асар хурдацтай өөрчлөгдөж байна. Монгол Улс хоёр том хөршийнхөө дунд орших геополитикийн онцгой байрлалтай. Нөгөө талд Европын аюулгүй байдлын орчин, эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлт, стратегийн ашигт малтмалын асуудал улам бүр геополитикийн шинжтэй болж байна. Ийм нөхцөлд Монгол Улсын Европын улсуудтай харилцах харилцаа өмнөхөөсөө илүү стратегийн агуулгатай болох шаардлага бий болжээ. Энэ өөрчлөлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үеийн гадаад харилцааны сэргэлтээс салгаж харах боломжгүй.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын зүгээс Ерөнхийлөгчийн түвшинд гадаад харилцааг идэвхжүүлэх, өндөр түвшний айлчлалыг нэмэгдүүлэх, харилцааны түвшнийг ахиулах, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг илүү тодорхой болгох үйл явц эрчимжсэн. Тухайлбал, 2025 онд л гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк, Чех, Польш, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Итали, Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийж, мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцон, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзсан байна. Мөн Итали, Чех, Узбекистан, Киргиз зэрэг улстай харилцааны түвшнийг ахиулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлжээ.

Эндээс Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагааны нэг сонирхолтой динамик өөрчлөлт харагдана. Олон тулгуурт гадаад бодлого гэдэг нь өмнө нь “Олон улстай харилцах” гэсэн ерөнхий ойлголтоор илэрхийлэгдэж байсан бол өнөөдөр тодорхой улс орнуудтай харилцааны түвшнийг ахиулах, стратегийн салбарт хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах замаар илүү идэвхтэй хэрэгжих болжээ.

Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого ийнхүү идэвхжсэн үйл явцын дотор ХБНГУ онцгой байр суурь эзэлж байна. 2024 оны хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлал нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхацсан бөгөөд айлчлалын үеэр Монгол, Германы харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Энд нэг зүйлийг давхар онцлох хэрэгтэй. Стратегийн түншлэл гэдэг нэр томьёо өөрөө гол зүйл биш. Гол нь түүний цаана ямар агуулга байна вэ гэдэг нь чухал. Монгол-Германы стратегийн түншлэлийн баримт бичигт улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, мэргэжлийн боловсрол, уул уурхай, технологи зэрэг өргөн хүрээний асуудлыг хамруулсан. Мөн Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, гуравдагч хөршийн бодлогын стратегийг ХБНГУ-ын гадаад бодлоготой уялдуулахыг хоёр тал онцлон тэмдэглэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд ХБНГУ бол зөвхөн Европ дахь дипломат түнш биш. Монголын гадаад бодлогын стратегийн сонголтын орон зайг өргөжүүлэх нэг чухал суваг юм. Үүнийг Монголын газар зүйн нөхцөлтэй холбож үзэх хэрэгтэй. Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн томоохон хоёр гүрний дунд оршдог. Энэ бодит нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй. Харин энэ байдлаас үүдэлтэй эмзэг байдлыг бууруулахын тулд Монгол Улс олон улсын харилцаанд өөрийн түншлэлийн сүлжээг өргөжүүлэх боломжтой. Герман, Франц тэргүүтэй Европын Холбооны улсууд, Япон, АНУ, БНСУ, Энэтхэг, Турк зэрэг улстай харилцаагаа өргөжүүлэх нь нэн чухал. Монгол Улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогын зорилго нь хоёр хөршөөсөө холдож хөндийрөх бус, харин хоёр хөрштэйгөө хэвийн, найрсаг харилцаагаа хадгалахын зэрэгцээ дэлхийн бусад улс, бүс нутагтай харилцах харилцааныхаа цар хүрээг нэмэгдүүлэх явдал юм.

ХБНГУ-ын хувьд энд өөрийн гэсэн онцлог байр суурь эзэлнэ. Учир нь Монгол-Германы харилцаа зөвхөн улс төрийн харилцаагаар хязгаарлагдахгүй. Хөгжлийн хамтын ажиллагаа, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, шинжлэх ухаан, археологи, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт олон арван жилийн турш бий болсон институцын харилцаа байна. Германы талын мэдээлж буйгаар, ХБНГУ нь Монголын хөгжлийн хамтын ажиллагааны томоохон түншүүдийн нэг бөгөөд мэргэжлийн боловсрол, эрчим хүчний үр ашиг, биологийн олон янз байдал, тогтвортой эдийн засгийн хөгжил зэрэг чиглэлд хамтын ажиллагаа хэрэгжүүлж байгаа ажээ.

Хоёр талын харилцаанд боловсролын салбарын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой. 1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн Ардын Засгийн Газраас гаргасан 42 дугаар тогтоолын дагуу Д.Нацагдорж, Д.Намдаг, С.Наваан-Юндэн, Л.Намхайцэрэн тэргүүтэй 35 сурагч Германд анхлан суралцах болсон цаг үеэс хойш монголчуудын хэд хэдэн үе 1950-иас 1990-ээд оны хооронд хуучнаар зүүн Германд, 1990-ээд оноос хойш ХБНГУ-д суралцаж Монголын утга зохиол, урлаг уран сайхан, төр нийгэм, бизнес эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан, уул уурхай, барилга, хот байгуулалт, дипломат ажиллагаа гээд олон салбарт ажилласаар ирсэн. Герман хэл мэддэг монголчуудын тоо ч цөөнгүй. 2026 онд ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдээллээс харахад, Монголын хүн амын ойролцоогоор 1 хувь буюу 30 мянга орчим хүн герман хэлээр ярьдаг ажээ. Энэ бол бодит тоон үзүүлэлт төдийгүй хоёр талын харилцааны нэг чухал учиг. Учир нь улс хоорондын харилцааг зөвхөн төрийн тэргүүнүүдийн уулзалт, гэрээ хэлэлцээрээр хэмжих нь учир дутагдалтай.

Хоёр орны хоорондын харилцааг олон жилийн туршид авч явдаг хамгийн тогтвортой хүчин зүйл бол иргэд юм. Үүнийг Германы талын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг DAAD буюу Германы эрдмийн солилцооны алба, Монгол дахь Гёте-Институт, Герман-Монголын нийгэмлэг зэрэг боловсролын хамтын ажиллагааны байгууллагын идэвхтэй үйл ажиллагаа, эдгээрийн хүрээнд Германд суралцаж төгссөн, суралцаж буй монголчуудын тоо зэргээс харж болно. Хоёр талын боловсролын хамтын ажиллагааны хамгийн том жишээ болсон Монгол–Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль буюу GMIT-ийг энд онцгойлон дурдах хэрэгтэй. Уул уурхай давамгайлсан эдийн засагтай Монгол Улсын хувьд баялгийг олборлохоос гадна инженер, технологич, судлаач, мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх шаардлага бий. Герман технологи, боловсролын туршлага энэ хэрэгцээтэй нийцэж байгаа юм. Ирээдүйд хоёр улсын харилцааны хамгийн том боломж ч энд байна гэж харж байна.

Өнөөдөр Монгол Улс ХБНГУ-тай хамтран ажиллахдаа “Бидэнд зээл тусламж, хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэдэг байр сууринаас цааш алхах шаардлагатай болсон. Харин “Бидэнд технологи, мэдлэг, үйлдвэрлэлийн стандарт, хүний капитал, шинэ зах зээл хэрэгтэй” гэсэн илүү өргөн хүрээний ашиг сонирхол бий болж байна. Үүнийг жишээлбэл эрчим хүчний салбараас тодорхой харж болно. Монгол Улс нар, салхины асар их нөөцтэй. Герман Улс эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, ногоон технологийн чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан. 2024 оны Стратегийн түншлэлийн тунхаглалд хоёр тал сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирсон. Мөн усны нөөц, цөлжилт, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг хамтын ажиллагааны чиглэлд оруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Германы талын байгаль орчны гадаад хамтын ажиллагаатай холбосон нь ч энэ хүрээнд сонирхолтой байх болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн санаачлан дотооддоо хэрэгжүүлж буй олон бодлогын шийдвэр нь олон улсын хамтын ажиллагааны тодорхой чиглэлтэй огтлолцож болохыг харуулж буй бодит жишээ энэ юм.

Гэхдээ өнөөдөр ч, цаашдаа ч Монгол-Германы харилцааны өмнө нэг томоохон сорилт байна. Стратегийн түншлэлээ бодит эдийн засгийн харилцаа болгох. Улс төрийн харилцаа сайн байх нь хангалттай биш. Худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа бодит хэмжээгээр нэмэгдэхгүй бол стратегийн түншлэл гэдэг ойлголт дипломат баримт бичгийн хүрээнд үлдэх эрсдэлтэй. 2011 оны аравдугаар сард Холбооны Канцлер Ангела Меркелийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан. Сонирхолтой нь энэ хэлэлцээр нь Германы талаас бусад улстай байгуулсан анхны ийм төрлийн хэлэлцээр болсон юм. Энэ хэлэлцээрийн үр дүнд 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль буюу GMIT-ийг байгуулсан. Гэхдээ хоёр тал хамтарсан их сургууль байгуулсныг эс тооцвол энэ салбарын хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл тохиролцсон хэмжээнд хүрч чадаагүй хэвээр байна. Өнөөдөр ч энэ асуудлын хүрээнд хоёр талын холбогдох хүмүүс бодит ажил болгох талаар ярилцсаар л байна.

Тухайлбал, 2026 оны есдүгээр сарын 28-нд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Германы Элчин сайд Томас Графтай уулзах үеэр стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Уулзалтын үеэр Монголын тал хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан бол Германы тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо дахин илэрхийлсэн. Энэ бол хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа тодорхой эдийн засгийн салбарт цаашид ч үргэлжлэх боломжийг хоёр тал эрэлхийлсээр буйн илрэл юм.

Өнөөгийн Монгол Улсын гадаад харилцааны сэргэлтийг зөвхөн айлчлалын идэвхжил, уулзалтын тоогоор хэмжих нь учир дутагдалтай. Айлчлалаар бий болсон улс төрийн итгэлцлийг хөрөнгө оруулалт, технологи, экспорт, боловсрол, шинжлэх ухаан, шинэ ажлын байр болгон хувиргаж чадаж байна уу гэдгээр нь хэмжих шаардлагатай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үеийн Монгол Улсын гадаад бодлогын санал санаачилгууд нь энэ утгаараа дараагийн шатанд гарч байна гэж харж болно.

Сүүлийн жилүүдэд олон оронтой харилцааны түвшнийг ахиулах, Европын улс орнуудтай өндөр түвшний харилцааг идэвхжүүлэх, хөрш хоёр улстай харилцаагаа хадгалах зэрэг олон чиглэл идэвхтэй хэрэгжиж байна. 2025 оны байдлаар Монгол Улс ОХУ, БНХАУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэл”, АНУ-тай “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Японтой “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Герман болон бусад хэд хэдэн улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн.

Эндээс Монголын гадаад бодлогын нэг чухал дүр зураг харагдана. Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд өөрийгөө хязгаарлах бус, олон талт харилцаа, хамтын ажиллгаааны сүлжээгээ улам өргөжүүлж байна. Энэ нь жижиг улсын хувьд стратегийн орон зайгаа хадгалах, гадаад бодлогын сонголтыг нэмэгдүүлэх нэг чухал арга юм. Энэхүү гадаад бодлогын сонголтын орон зайд ХБНГУ-тай тогтоосон стратегийн түншлэл чухал байр суурь эзэлж байна. Гэхдээ өнгөрсөн үед суурийг нь амжилттай тавьсан хоёр талын харилцааг алсдаа боловсрол шинжлэх ухаан, бизнес эдийн засаг, хүн хоорондын итгэмжлэгдсэн харилцаагаар улам бэхжүүлэх шаардлагатай.

Ирээдүйд Монгол-Германы харилцааг зөвхөн “Герман Монголд юу өгөх вэ?” гэсэн асуултаар хэмжих ёсгүй. Харин “Монгол, Герман хоёр юуг хамтдаа бүтээж чадах вэ?” гэдэг асуулт илүү чухал. Мэргэжлийн боловсрол, чухал ашигт малтмал, ногоон эрчим хүч, инженерчлэл, хиймэл оюун, дижитал технологи, шинжлэх ухаан, байгаль орчин, археологи, аялал жуулчлал зэрэг салбарт шинэ боломж нээлттэй байна. Ялангуяа Монголын баялгийг түүхий хэлбэрээр экспортлох бус, нэмүү өртөг шингээх, мэдлэг, технологи, боловсруулах үйлдвэрлэлтэй холбох асуудалд Германы туршлага чухал. Иймээс Монгол–Германы харилцааны ирээдүйг зөвхөн дипломат харилцаагаар хэмжих бус харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлох хэрэгтэй.

Хоёр талын харилцаа эрх зүйн хүрээнд 2008 онд Иж бүрэн түншлэлд хүрсэн бол 2024 онд Стратегийн түншлэлийн шинэ шатанд гарлаа. Харин одоо энэ улс төрийн шийдвэрийг эдийн засаг, технологи, боловсрол, шинжлэх ухааны бодит хамтын ажиллагаагаар дүүргэх цаг ирж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үеийн гадаад харилцааны сэргэлт чухам энд утга учраа олох учиртай. Хэрэв энэ сэргэлт улс төрийн түвшний харилцаанаас эдийн засаг, технологи, хүний капиталын бодит хамтын ажиллагаанд шилжиж чадвал Монгол-Германы стратегийн түншлэл дипломат баримт бичгийн нэг заалт биш, Монголын хөгжлийн бодит хүчин зүйл болж чадна.

Өнгөрсөн түүхийг харвал Герман Монголд мэдлэгийн хаалгаа нээж өгсөн. Өнөөдөр хоёр улс стратегийн түншүүд болжээ. Харин ирээдүйд тэр хаалгаар хамтарсан технологи, шинэ мэдлэг, хөрөнгө оруулалт, чадварлаг хүний нөөц, шинэ боломжууд нэвтрэх эсэх нь хоёр орны төрийн бодлого, бизнесийн байгууллагууд, иргэдийн идэвх санаачилга, манай талын тууштай, зарчимч байдлаас ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл монголчууд биднээс их зүйл шалтгаална. Тиймээс Монгол–Германы харилцааны дараагийн үеийн гол асуулт бол “Герман Монголын төлөө юу хийх вэ?” биш харин “Монгол Германтай хэрхэн хамтран ажиллаж, ирээдүйгээ хэрхэн бүтээх вэ?” гэдэгт оршино.

ХИС-ийн ахлах багш, доктор П.Мягмардорж

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу”-д
  1. Герман Монгол харилцаа тухай сайн мэдээ байна. 👍

  2. Герман Монгол харилцаа тухай сайн мэдээ байна.

  3. дипломат харилцаа тухай сайн мэдээ байна.

  4. дипломат харилцаа тухай сайн мэдээ байна. 👍

  5. Герман Монгол харилцаа тухай сайн мэдээ байна.

  6. Герман Монгол харилцаа тухай сайн мэдээ байна.

Сэтгэгдэл үлдээх