Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-наас эхэлнэ.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэнийг хугацаат цэргийн албанд татах 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд зохион байгуулна. Маргааш Д.Сүхбаатарын талбайд цэрэг халагдах үйл ажиллагаа нэгдсэн байдлаар болно. Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж, шийдүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчоонд очиж болно” гэлээ. 

Энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байгаа аж. Гэхдээ оюутнууд сургуулийн тодорхойлолт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, цэрэг татлагын байранд биечлэн очиж шийдүүлэх юм байна.

Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүрэг: 96 дугаар сургууль,

Баянзүрх дүүрэг: 14 дүгээр сургууль,

Сүхбаатар дүүрэг: 3 дугаар сургууль,

Сонгинохайрхан дүүрэг: 83 дугаар сургууль,

Чингэлтэй дүүрэг: 23 дугаар сургууль,

Хан-Уул дүүрэг: 34 дүгээр сургууль,

Налайх дүүрэг: “Эрдмийн оргил” сургууль

Багануур дүүрэг: Хүний хөгжлийн ордон

Багахангай дүүрэг: 91 дүгээр сургууль дээр тус тус болно.

Гурван өдрийн турш үргэлжлэх цэрэг татлагын үеэр залуус найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат, 3х4 хэмжээтэй цээж зураг авчрах аж. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх