Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг тэлэх боломжтойг онцлов

, 2026 оны наймдугаар сарын 16Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Орда Михаил Сергеевичийг энэ сарын 15-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцлаа.

Тухайлбал, хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ой, эрүүл мэнд, спорт, боловсрол зэрэг салбарт тэлэх боломж байгааг онцолж, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр бодит үр дүнтэй, харилцан ашигтай төсөл хэрэгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд Орда Михаил Сергеевич Монгол Улсад ажиллах хугацаандаа тавьж буй зорилт, төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, Монгол, Беларусийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд М.С.Орда Монгол Улсад суух Итгэмжлэх захидлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд энэ оны зургаадугаар сарын 5-нд өргөн барьж, үүрэгт ажлаа эхлүүлсэн юм гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг тэлэх боломжтойг онцлов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн