2026-09-17

Чуулганд УУБАБ-ийн Газрын захирал О.Батзаяа “Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, журмын нэмэлт, өөрчлөлт” сэдвээр танилцуулга хийлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ “MININGWEEK & MINEPRO 2026” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулганы хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд (2026.09.17) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирал О.Батзаяа оролцож, “Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, журмын нэмэлт, өөрчлөлт” сэдвээр танилцуулга хийлээ.

Танилцуулгын үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өнөөгийн байдал, цаашдын зохицуулалтын талаар мэдээлэл өгч, дараах үндсэн асуудлуудыг онцоллоо.

Үүнд:

  • Арилжааны үйл явц, гэрээний төрлүүд;

  • Индексийн тооцоолол, мэдээлэл;

  • Мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалт;

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журмын нэмэлт, өөрчлөлтийн талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн.

2026 оны 8-р сарын байдлаар Монголын хөрөнгийн бирж нүүрс, төмрийн хүдэр, жоншны баяжмал, зэсийн баяжмалын арилжааг тус тус зохион байгуулж, нийт 2,097 удаагийн арилжаагаар 9.64 тэрбум ам.долларын үнийн дүнтэй 95.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан.

Монголын хөрөнгийн бирж нь уул уурхайн бүтээгдэхүүний ил тод, нээлттэй, өрсөлдөөнт арилжааны тогтолцоог хөгжүүлэх, зах зээлийн оролцогчдын хүрээг тэлэх, олон улсын жишигт нийцсэн арилжааны орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “MiningWeek & MinePro 2026” энэ жил “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй & олон улсын түншлэл” үндсэн сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд тус арга хэмжээнд 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, зочид төлөөлөгчид оролцож, хөрөнгө оруулалт, технологи, аж үйлдвэржилт, эрдэс баялгийн боловсруулалт зэрэг уул уурхайн салбарын хөгжлийн чухал асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн