Улаанбаатарын хүн амын нягтрал өндөртэй бөгөөд авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр бүрэн холбогдоогүй, хотын голоороо тусгаарлагдсан бүс буюу Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувьтай хэрэгжиж байна.
Одоогийн байдлаар хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгыг хийж байгаа аж. Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийх юм.
Энэ талаар Пома групп”-ийн Монгол дахь төслийн менежер Алексис Грессел “Кабелийн замын угсралтын үндсэн хэсэг болон механик угсралтын ажил үндсэндээ дууссан. Тодруулбал, кабелийн замын тулгуур цамхаг, станц, гаражийн байгууламжийг суурилуулж дуусаад одоогийн байдлаар цахилгааны системийг ажиллуулах, эхлүүлэх болон системийн туршилтын дараагийн үе шат руу шилжихэд бэлэн болж байна. Харин 9, 10 дугаар сард кабелийн замын системтэй холбоотой аюулгүй байдлын шалгалтыг үе шаттайгаар хийх бөгөөд эдгээр нь системийг бүрэн ашиглалтад оруулахаас өмнөх зайлшгүй хийх туршилт, шалгалтууд юм. Барилгын хувьд, үндсэн ажлуудынхаа ихэнхийг дуусгасан. Бетон цутгалт, фасад суурилуулалтын ажил дуусах шатандаа орсон. Одоо барилгын дотор болон гадна талын өнгөлгөө хийж байгаа бөгөөд үүнд будаг, цонх, хаалга суурилуулах зэрэг дотоод заслын ажил багтсан. Кабинуудыг Францаас тээвэрлэн авчирсан. Энэхүү төсөл нийт 98 кабинтай учраас Францаас Монголд тээвэрлэхэд нэлээд олон контейнер шаардлагатай болсон. Кабинуудыг эхлээд түр хадгалах талбайд байрлуулж, дараа нь барилгын талбайд авчран тус тусын эд ангиудыг угсарч, одоо өлгүүр болон хавчаар буюу grip-ийн хамт бүрэн угсарч дуусган гарааш дотор байрлуулсан. Кабелийн замын системийн бүх үндсэн хэсгийг угсарч дууссан тул бид туршилтын ажиллагаагаа эхлүүлнэ. Одоогоор хамгийн түрүүнд хүлээж байгаа зүйл бол үндсэн цахилгаан сүлжээнд холбох ажил юм. Энэхүү холболт ойролцоогоор нэгээс хоёр долоо хоногийн дотор хийгдэхээр хүлээгдэж байгаа бөгөөд цахилгаан тэжээлээ авсны дараа эхний туршилтын үе шатыг эхлүүлэхэд тодорхой хугацаа шаардагдана” гэв.
Дүүжин замын тээврийг Яармагийн “Арцат”-аас Хархорины “Өнөр” хороолол чиглэлд барьж буй бөгөөд 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Зорчигчдыг тус чиглэлд 22 км цагийн хурдтайгаар 11 минутын хугацаанд хүргэнэ. Тус чиглэлд иргэд өдөр бүр 2-3 цагийг зарцуулж түгжирдэг. Харин дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор энэ зайг ердөө 11 минутын дотор туулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Дүүжин замын тээврийн нэг бүхээг нь 10 хүний багтаамжтай бөгөөд энэ нь зам дээрх 5-10 суудлын автомашиныг орлож байна гэсэн үг. Энэ нь иргэдийн ажлын бүтээмж сайжирч, амьдралын чанарт бодитой нөлөө үзүүлнэ. Тус тээвэр ашиглалтад орсноор тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурд дөрвөн хувиар нэмэгдэх тооцоолол гарсан юм.
Системийн хөдөлгөгч үндсэн мотор нь 567кВт хүчин чадалтай ба аюулгүй ажиллагааны горимын дагуу хоёр өөр цэгээс тэжээлтэй ажиллана. Тогны хязгаарлалтын үед нэг талын тэжээл тасрахад нөгөө талын тэжээлтэй учир хэвийн горимоор ажиллана. Онцгой тохиолдол буюу нийтээр тог тасарсан үед зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан 275 кВA чадалтай нөөц цахилгаан генератор төлөвлөжээ. Энэ нь дүүжин замын тээврийн бүрэн чадалд бус зөвхөн зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан нөөц үүсгүүр юм. Нэг зорчигчийг 1 км-т тээвэрлэхэд зарцуулах эрчим хүч нь суудлын автомашинаас 10-12 дахин бага аж. Дүүжин замын тээвэр нь цахилгаанаар ажиллах тул тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг 1.06, Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлыг 0.34 хувиар бууруулах боломжтой, дуу чимээ багатай байх судалгаа гарчээ.
Дүүжин замын тээврийн төсөлд 6 ширхэгтэй, сүлжмэл томоостой ган татлага ашиглаж байна. Тус татлагын нэг томоос нь 36 утастай бөгөөд нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Өөрийн механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
