Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын морьт харвааны төрөлд оролцож байгаа манай тамирчид Монголын багийн медалийн буухиаг алт, хүрлээр үргэлжлүүллээ.
Тодруулбал, морьт харвааны киргиз харвааны эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин Г.Гүнбилэг хурд хүч, ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдөж 100 оноогоор түрүүлж, алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр Дэлхийн нүүдэлчдийн наадамд оролцож буй Монголын багийн дөрөв дэх алт, 17 дахь медалийг эх орондоо авчирч байна. Энэ төрөлд Польш, Оросын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Үүнээс гадна Г.Гүнбилэг холимог багийн харваанд хүрэл медаль хүртсэн байна. Морьт харвааны тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн цамхаг харваа, маргааш эмэгтэйчүүдийн цамхаг харвааны төрлөөр өрсөлдөнө.
Түүнчлэн өчигдөр самбо бөхийн төрөлд Н.Мөнхбаяр, Б.Серик, морьт барилдаанаар Ш.Харжаубай нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа Чолпон-Атад мандуулсан байна. Мөн киргиз кураш бөхийн төрөлд олон улсын хэмжээний мастер Г.Мөнхбат, аймгийн арслан Б.Бат-Орших нар хүрэл медаль хүртжээ.
Дөрвөн өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид 19 медаль хүртээд байна.
Тодруулбал, бөхийн төрлүүдэд найм, морьт харваагаар хоёр, морьт барилдаанаар дөрөв, сээр цохих тэмцээнд нэг, модон барилдаанаар дөрвөн медаль авчээ.