Дижитал боловсролыг дэмжсэн ухаалаг номын санг ашиглалтад орууллаа

“Гүүд Нэйборс” төрийн бус байгууллагаас санаачлан Солонгосын “Какао” банкны санхүүжилтээр “Good Learning Space” буюу “Ухаалаг номын сан” төслийг манай улсад хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд нийслэлийн “Голомт” цогцолбор болон 118, 124, 189 дүгээр сургуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловсролыг дэмжсэн орчин үеийн ухаалаг номын санг ашиглалтад оруулав. Өнөөгийн дижитал эрин үед номын сан нь зөвхөн цаасан ном хураасан танхим байхаа больж, хүүхэд багачуудын сэтгэн бодох чадвар, мэдээллийн технологийн боловсрол, бүтээлч сэтгэлгээг тэлэх хөгжлийн гол орон зай болсон. Энэхүү төсөл нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын суралцах орчныг сайжруулах, тэдэнд тэгш боломж олгоход чухал ач холбогдолтой юм. Шинэ номын сангууд нь дараах давуу талтай юм.

Суралцах таатай орчин: Орчин үеийн тавилга, тохижилт болон сурагчдад ээлтэй уур амьсгалыг бүрдүүлсэн.

Технологийн иж бүрэн шийдэл: Ухаалаг дэлгэц, таблет болон цахим номын сангийн системээр тоноглосон.

Цахим систем: Дөрвөн сургуулийн номын сан Үндэсний номын сангийн KOHA цахим системд холбогдсон.

Хүртээмжийг нэмэгдүүлсэн байдал: Нийслэлийн 4 сургуулийн мянга мянган сурагчдад дижитал боловсролыг тэгш эзэмших боломж бүрдэв.

Энэ нь Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн нийгмийн хариуцлага хосолсон үр дүнтэй төсөл болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн