Г.Дамдинням: Бид евро-5 төрлийн шатахуун л олж ирж чадаж байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны шуурхай штабаас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлыг зарлаж, мэдээлэл өглөө.

Тус штабын мэдээлснээр АИ-92 шатахууны ачилт Улаанбаатар хотод 20500, орон нутагт 12200 оноо байгаа аж.

Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат ярихдаа “Тэс, Шунхлай, Петровис, Сан Петролиум зэрэг компанийн шатахуунаас найман дээж авч шинжилсэн. Шинжилгээний хариунаас харвал Евро-5 ангиллын АИ-92 шатахууны дөрвөн дээж зохих шаардлагыг хангажээ. АИ-95 автобензиний шинжилгээг Петровис компаниас авсан. Мөн Евро-2 ангилал буюу бидний хэлж заншсанаар энгийн АИ-92 шатахуунаас гурван дээж авахад зохих стандартыг хангасан байна. Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор дээрх шинжилгээг хийлгэсэн учраас ШТС-уудад зарж байгаа энгийн болон Евро-5, АИ-92 шатахуун стандартын шаардлага хангасан гэдэгт та бүхэн эргэлзэх зүйлгүй. ОХУ-аас шатахуун түлшнийхээ хоригийг энэ оныг дуустал сунгасан. Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс орнуудын тухайд энэ тогтоол үйлчлэхгүй гэж заасан байдаг. Манай улс нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Автобензин, дизелийн түлшнээс гадна онгоцны түлш нийлүүлэх хоёр хэлэлцээр байгуулсан. Үүнийг өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар оруулж соёрхон батлуулсан байгаа. Тэгэхээр энэ хориг манай улсад үйлчлэхгүй гэж ойлгож болно ” гэв.

Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “Евро-2 стандартын бүтээгдэхүүнийг “Роснефть” компани энэ сард 50 мянган тонныг өгөх ёстой. Үүнийгээ өгчихсөн. Хямралтай нөхцөл байдлаас болоод хэрэглээгээ гүйцэхгүй байна. Ердийн үед Улаанбаатар хотод 1000-1200 тонн хэрэглэдэг байсан бол сүүлийн 10 хоногт 1500-1700 тонныг нийлүүлж байна. Сүүлийн дөрөв хоногт орон нутгийн ачилтуудыг нэмсэн. Манай яамнаас ажлын хэсэг БНХАУ-д ажиллаж байна. Ажлын хэсгээс сайн мэдээ ирсэн. ОХУ-аас 75 мянган тонныг нийлүүлдгээс 50 мянган нь ирчихсэн. Үлдсэн 25 мянган тонныг БНХАУ, БНСУ, Сингапур болон бас бус улсаас нөхөж байна. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс бусад газарт евро-2 төрлийн шатахуун үйлдвэрлэдэггүй. Евро-2 төрлийн шатахууныг манайхаас гадна Киргизстан авч хэрэглэдэг. Тиймээс бид евро-5 төрлийн шатахуун л олж ирж чадаж байгаа” хэмээн ярилаа.   

Монгол Улсад өчигдөр 56 вагон буюу 3000 тонн АИ-92 шатахуун орж ирсэн бөгөөд түгээж эхэлсэн байна. Манай улсын хэмжээнд 1500 гаруй ШТС бий аж. Энэ бүхнийг шатахуунаар хангахаар 24 цагаар ажиллаж байгаа учраас хүлээцтэй хандахыг шуурхай штабаас хүслээ. Наймдугаар сар гарснаас хойш өнөөдрийг хүртэл манай улс 49 мянган тонн АИ-92 шатахуун импортолсон байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн