Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газраас зорчигчийн бүртгүүлсэн ачаа тээшийг шалгах зохицуулалтыг энэ сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж байна.

Шинэ зохицуулалтаар нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнууд “Тухайн тээшинд хориотой эд зүйл байна” хэмээн сэжиглэсэн тохиолдолд зорчигчийг байлцуулахгүйгээр ачааг нээх эрхтэй болсон байна. Шалгалтын үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, “Тээш шалгасан тухай мэдэгдэл”-ийг ачаанд байршуулах аж.

Хэрэв шалгалтаар хориотой, сэжигтэй болон аюултай эд зүйл илэрвэл эрх бүхий ажилтнууд хураан авч, эзэнд нь буцаан өгөхгүй юм байна. Иймд тус улс руу зорчиж буй тохиолдолд нисэх буудлын аюулгүй байдлын шаардлагыг хангах, мөнгө, үнэт эдлэл болон хувийн чухал эд зүйлсийг ачаанд хийхээс зайлсхийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TSA Lock төрлийн түгжээ ашиглах, ачаа тээшээ сайтар шалган, аяллын аюулгүй байдлаа хангахыг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ-наас анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд [email protected] цахим хаяг болон +66-(0)-2168-8599, +66 818020930, +66 818022942, +66 828500027 дугаарт тус тус холбогдохыг зөвлөлөө. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх