Ойрх Дорнодын хурцадмал байдал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй зэрэгцэн Германд шатахууны үнэ өсөж байна.
Германы автомашины клуб ADAC-ийн мэдээлснээр, тус улсад өргөн хэрэглэдэг Super E10 бензиний дундаж үнэ литр тутамд 2.3 еврод хүрчээ. Энэ нь даваа гаргийнхаас 1.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үнэ дөрөв дэх өдрөө дараалан дээд түвшинд хүрсэн байна.
Дизелийн үнэ мөн нэг центээр нэмэгдэж, литр тутамд 2.422 евро болсон нь дөрөвдүгээр сард бүртгэгдсэн 2.447 еврогийн дээд үзүүлэлтэд ойртжээ. Бензин, дизелийн үнэ наймдугаар сарын сүүлчээс хойш тасралтгүй өсөж байгаа аж.
Саудын Араб дахь стратегийн дамжуулах хоолойд дроноор халдсан болон Персийн булан дахь нөхцөл байдал хурцадсан нь нефтийн зах зээлийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн гэж мэдээлэв.
АНУ, Ираны дайн эхлэхийн өмнөх үетэй харьцуулахад Super E10 бензин литр тутамд 52 центээр, дизель 68 центээр нэмэгдсэн байна. Ингэснээр 50 литрийн савыг бензинээр дүүргэхэд 26 евро, дизелиэр дүүргэхэд 34 евро илүү төлж байгаа аж.
Канцлер Фридрих Мерц хэрэглэгчдийн ачааллыг бууруулах татварын хувилбаруудыг судалж байгааг мэдэгдсэн ч нефтийн компаниудад хэт ашгийн татвар ногдуулах саналыг дэмжээгүй байна. Харин эвслийн Социал демократ нам нэмэлт татвар ногдуулж, орлогыг иргэдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулахыг шаардаж байгаа юм.
Сангийн сайд Ларс Клингбайл уг асуудлыг Европын Холбооны эдийн засаг, сангийн сайд нарын уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
