МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 9 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэхээр мягмар гарагт утсаар ярилцсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлэв.

“Хоёр улсын удирдагчид яг нэг цаг үр дүнтэй, маш илэн далангүй ярилцсан” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлжээ.

Түүний хэлснээр, удирдагчид Цагаан ордны тэргүүний төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нарын Москва, Киевт хийсэн айлчлалын үр дүнг нааштай үнэлсэн байна. В.Путин Украины мөргөлдөөний бүсэд болж буй үйл явдлын талаар бодитой, дэлгэрэнгүй дүн шинжилгээ өгч, Европын эсрэг чиглэсэн түрэмгий төлөвлөгөө Москвад байхгүй гэдгийг Д.Трампад нотлон хэлжээ.

Удирдагчид мөн хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа хүмүүнлэгийн асуудлаарх хамтын ажиллагааг, түүнчлэн харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч мөргөлдөөнийг зогсоож, цаашид харилцаагаа сэргээх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг онцолжээ. В.Путин Орос-АНУ-ын харилцааг ажил хэрэгч түншлэлийн чиглэлээр хөгжүүлэх Д.Трампын байр суурийг дэмжсэн байна. Тэрбээр мөн Украины мөргөлдөөнийг эцэслэхийн тулд Вашингтон ямар алхам хийж болох талаар байр сууриа илэрхийлжээ.

Оросын Ерөнхийлөгч В.Путин С.Уиткофф, Ж.Кушнер нарыг бямба гарагт Кремльд хүлээн авч уулзсан юм. Уулзалт гурван цаг 10 минут үргэлжилжээ. АНУ-ын төлөөлөгчид ОХУ-д найм дахь удаагааг айлчилсан байна. Ю.Ушаковын ярьснаар, ОХУ-ын төрийн тэргүүн нөхцөл байдлын талаар тодорхой, бүрэн дүүрэн мэдээлэл өгсөн бөгөөд АНУ-ын төлөөлөгчид Украины талтай хийх яриа хэлэлцээнд түүний өгсөн мэдээлэл, байр суурийг баримтална гэдгээ мэдэгдсэн байна.

С.Уиткофф, Ж.Кушнер нар Москвад айлчилсныхаа дараа Украины нийслэлд хүрэлцэн очсон юм. Кремлийн мэдээлснээр, В.Путин эдгээр уулзалтад бэлтгэх, зохион байгуулах хугацаанд Киевт өгөх цохилтыг гурван хоног зогсоох тушаал өгсөн байна. Хэлэлцээ хоёр үе шаттай явагдаж, хоёр дахь шатанд Их Британи, Герман, Францын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн