Боловсролын салбарын шинэчлэлд НҮБ-тай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 14 //. Боловсролын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, боловсролын салбарт хэрэгжүүлж буй зургаан шинэчлэлийн хүрээнд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн “Бид хүүхдийг боловсрол руу биш, боловсролыг хүүхдэд хүргэх ёстой” хэмээн онцлоод, алсалсан бүс нутгийн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших боломж бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг сайшаав. Тухайлбал, Боловсролын яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” хөтөлбөрөөр дамжуулан алсалссан багийн хүүхдүүдийг сургуульд хамруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. 

Мөн уулзалтаар багшийн мэргэжлийн болон дижитал ур чадварыг дээшлүүлэх, сурагч бүрийг компьютероор хангах, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг бууруулах, боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх шийдлүүдийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн 10 дугаар сард Боловсролын яамнаас зохион байгуулах “Global Education Forum”-ыг хамтран зохион байгуулах, үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаар талууд тохиролцов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн