Нийгмийн халамжид найдахгүй гэдгээ баталж байж Японд амьдарна

Япон улс амар тайван орчин, амттай хоол зэрэг хүчин зүйлсээрээ жуулчдыг соронз адил татдаг. Сүүлийн жилүүдэд тус улсыг зорих жуулчдын тоо дээд амжилт тогтоох болсон. Үүний зэрэгцээ ажиллах, сурах зэргээр удаан хугацаанд Японд байх гадаад иргэдийн тоо ч өнгөрсөн онд бүх цаг үеийн дээд амжилт тогтоосон билээ.

Гэвч сүүлийн үед тус улсын цагаачлалын бодлого чангарсны улмаас Японыг хоёр дахь эх орноороо сонгосон хүмүүс “Баяртай гэж хэлэх цаг ирэв үү?” хэмээн эргэлзэх болжээ. Япон бол эртнээс нааш цагаачлалын чанга бодлоготой байсан улс. Гэхдээ хүн ам зүйн асуудлаас болоод гадаадын ажилчдад аажмаар үүд хаалгаа нээж, олон улсаас жуулчин татахыг эрмэлзэх болсон.

Харамсалтай нь энэ мэт хүчин чармайлт нь төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Харин ч эсрэгээрээ хэт их аялал жуулчлалаас улбаатай яршиг төвөг салахаа байсан гэхэд болно. Үүнээс болж “Нэгдүгээрт Япон” бодлого эрчимжиж, нээлттэй, олон талт, найрсаг нийгэм өөрчлөгдөж эхлээд байна. Тухайлбал, ирэх сараас эхлээд тус улсын визний хураамжийн үнэ нэмэгдэж байгааг өнгөрсөн сард зарласан. Шинэ журмын дагуу байнгын оршин суугч болж байгаа тохиолдолд өмнөхөөсөө 20 дахин үнэтэй буюу 200 мянган иенийн хураамж төлөх шаардлагатай болж байна. Ажил, хичээлийн шугамаар виз хүсэгчдийн төлөх хураамж  нэмэгдсэн.

“Хураамжийг огцом нэмэгдүүлсэн нь гадаадын иргэд болон япончуудын зэрэгцэн амьдрахад тохирсон эмх цэгцтэй нийгмийг бий болгох явдал” гэж Хууль зүйн сайд Хироши Хирагүчи хэлжээ.

Өөрчлөлтийг хамгийн ихээр мэдрэх хүмүүс нь байнгын оршин суух өргөдөл гаргагчид. Тэд Японд байнга оршин суухдаа нийгмийн халамжид найдаж, дарамт болохгүй гэдгээ батлах ёстой. Үүний тулд 30 жилийн тэтгэврийн шимтгэлтэй тэнцэх хэмжээний хуримтлал үүсгэх чадамжтай гэдгээ харуулна.

Өнгөрсөн онд Японд оршин суудаг гадаадын иргэдийн тоо 4.1 саяд хүрч, нийт хүн амын 3.4 хувийг эзэлсэн нь шинэ дээд үзүүлэлт болсон. Ерөнхий сайд Санаэ Такайчигийн засгийн газар цагаачлалын асуудлаар олон нийтийн бухимдлыг намжаах, ажиллах хүчний хомсдолоо нөхөх гэсэн хоёр өөр зорилтын дунд тэнцвэрээ олохыг хичээж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн