Путин: Япон, Өмнөд Солонгос улсууд дайтаагүй хэрнээ төрөлтийн түвшин нь Оросоос бага

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгос улсыг дайн дажингүй байгаа хэрнээ төрөлтийн түвшин нь Оросоос ч бага гэж онцолжээ. Тэрбээр есдүгээр сарын 3-ны өдөр Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганы үеэр үг хэлэхдээ Япон, Өмнөд Солонгосын төрөлтийн түвшинг Оростой харьцуулсан аж. “Украин дахь цэргийн тусгай ажиллагааны нөлөө мэдээж тодорхой хэмжээгээр байгаа. Гэхдээ энэ бол шалтгаан биш. Эцсийн эцэст Япон, Өмнөд Солонгос улсууд ийм ажиллагаа явуулаагүй хэрнээ төрөлтийн түвшин нь манайхаас бага л байна” гэж тэр хэлжээ.

Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин өнгөрсөн онд 0.80 байжээ. Энэ нь 2023 оны 0.72-оо бодвол бага зэрэг өссөн үзүүлэлт юм. Харин Японы төрөлтийн түвшин өнгөрсөн онд түүхэн доод хэмжээндээ хүрсэн буюу 1.14 байсан. Эсрэгээрээ Оросынх 1.37 буюу Япон, Өмнөд Солонгосоос өндөр үзүүлэлттэй гарчээ.

ОХУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний төлөө боломжит бүхнийг хийх болно гэж Путин мэдэгдсэн байна. Тэрбээр гэр бүл, залуу эмэгтэйчүүдэд зориулсан шинэ урамшуулал, олон нийтийн харах өнцөг, ухамсарт өөрчлөлт хэрэгтэй байгааг онцолжээ. Мөн Орос улс 2000-аад оны дунд үед төрөлтийн түвшингээ нэмэгдүүлж байсан туршлагатай тул энэ сайн туршлагаа давтах болно гэж амласан байна. ОХУ-ын төрөлтийн түвшин 2006 онд 1.3 байсан бол 2015 онд 1.8 болж нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн