Байгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Байнгын хорооны даргын хувьд, хоёр улс хамтын ажиллагааны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт санамж бичиг байгуулан амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатайг онцлов. Мөн тэрбээр, Монгол Улсын парламентаас хөдөө аж ахуйн болон хүнсний чиглэлээрх эрх зүйн шинэ зохицуулалт бий болсон тул нүүдлийн, уламжлалт байгаль, цаг уураас хэт хамааралтай арга, туршлагыг өөрчлөх боломж бүрдсэн. Эрсдэл бий болохоос урьдчилан арга хэмжээ авдаг тогтолцоонд шилжих чухал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын шинэчлэл хийх эдгээр хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх сорилт тулгараад байгаа гэв.

Элчин сайдын хувьд, Канад-Монголын МЕРИТ төсөл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Дипломат харилцааны 53 жилийн түүхтэй манай хоёр улс нь байгаль, цаг агаарын хувьд ижил төстэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд тэргүүлэгч улс орны хувьд, хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлага, сайн чанарын таримал ургамлын үрийг нэвтрүүлэх, эрх зүйн орчин, нөхцлийн талаар уулзалтын үеэр хөндөв.

Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Мөнхсоёл болон УИХ-ын Тамгын газар, Элчин сайдын яамны төлөөлөл байлцав гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн